П.Батмягмар: Монголын говио хайрлаж хамгаалахгүй бол цөл болох хугацаа тийм ч хол биш

Монголын говио хайрлаж хамгаалахгүй бол цөл болох хугацаа тийм ч хол биш

“Цөлийн дуу хоолой” төслийн багийн найруулагч П.Батмягмартай ярилцлаа. Тэрбээр төслийн багийнхантайгаа Монголын говиос Орос, Казахстан, Узбекистан, Киргизстан хүртэл аялж, цөлжилт, усны хомсдол хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг баримтжуулан, нийт 19 мянган км замыг туулаад иржээ.

Туулсан зам, уулзсан хүмүүс, харсан дүр зураг бүхэн нь усны үнэ цэн, байгаль эх дэлхийгээ хамгаалах ёстойг улам бүр ойлгуулсан хэмээн тэрбээр ярьж байна.

– 19 мянган км гэдэг маш том тоо. Аялал хэр хүнд байсан бэ? Энэ асуултаас ярилцлагаа эхэлье.

– Энэ олон жил олон зураг авалтад явсан ч хамгийн хүнд нь энэ аялал байлаа. Тэр их халуунд машины кондишноор амьсгалж л давсан. Машинаас гарангуут пүнхийсэн, амьсгалахын аргагүй халуун агаартай. Зүгээр нэг халуун биш, ямар ч салхигүй, пургисан агаар мэдрэх сонин юм билээ. Ингэж явахдаа манайхан бараг бүгд кондишны хатгаа авсан. Хэдий хэцүү байсан ч манай багийнхан ард нь гарцгаалаа.

Найруулагчийн хувьд багийнхандаа өндөр шаардлага тавьж, загнаж зандарсан үе ч бий. Одоо эргээд бодоход хамтдаа давсан хүнд мөчүүд л хамгийн нандин дурсамж болон үлджээ.

Ганцаараа хол явж болно. Харин хамтдаа явбал түүх бүтээж болдог юм байна гэдгийг ойлгуулсан, амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай аялал байлаа.


– Эргээд санахад хамгийн мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн газрыг нэрлэвэл?

– Бид цөлжилт ямар байгааг л харуулна гэж бодсон. Гэтэл үнэндээ нөхцөл байдал маш хүнд юм билээ. Казахстан, Узбекистаны хилийн дагуу байрлах Арал тэнгисийн хатсан ёроолд зогссон тэр мөч хамгийн хүнд мэдрэмж төрүүлсэн.

Тэнгисийн 90 хувь нь ширгэж, үлдсэн хэсэг нь Увс нуурын хэмжээтэй гэхээр анх хэр том байсныг төсөөлж байгаа биз. Тийм том тэнгисийг хүн төрөлхтөн ширгээчихэж.

Энд тэнд усан онгоцны сэг сэрийсэн энэ газарт цагтаа давалгаа наадаж, загас буцалж, усан онгоцнууд сүлжилдэж, жилдээ 20 сая лаазалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэхэд итгэмгүй. Одоо зүгээр л цөл болчихсон учраас нутгийн иргэд нь ч дайжжээ. Хэдэн жуулчин экологийн тэр сүйрлийг үзэх гэж очдог. Мэдээж бахархах гэж бус, гашуун сургамжийг нь үзээд буцдаг.

Хамгийн аймшигтай нь энэ газар ердөө хэдхэн арван жилийн дотор ингэтлээ өөрчлөгдсөн.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Арал тэнгисийг тэжээдэг Амударья, Сырдарья мөрний урсгалыг өөрчилж ашигласнаар тэнгис аажмаар ширгэж, үүнийг дагаад орчмын ургамал, амьтан устаж үгүй болсон түүхтэй юм билээ.


– Арал тэнгисийг харж зогсоход юу бодогдож байв?

– Говь, цөл хоёр бол тусдаа ойлголт.

Говь бол ургамал, амьтан, мал ахуйтай амьд экосистем шүү дээ. Ургамал нь тачир ч чанартай, анхилуун үнэртэй. Хэрэв хайрлаж хамгаалахгүй бол говь маань цөл болох вий гэж өөрийн эрхгүй бодсон.

Одооноос л санаж сэрж, хамгаалахгүй бол хүүхдүүддээ “Энд булаг урсдаг, өвс ургамалтай нутаг байсан юм” гээд зөвхөн зургаар үзүүлдэг болох вий.

Бид Дундговь, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгийн олон сумаар явж, хэдэн зуун хүнтэй уулзахад бүгд л ус татарч, булаг шанд ширгэж, бэлчээр доройтсон гэж ярьж байв. Арал тэнгис нэг өглөө цөл болчихоогүй. Ус нь жилээс жилд татарч, байгаль нь бага багаар доройтсон. Тиймээс Монголын говь цөл болох хугацаа хол биш гэж хэлээд байгаа юм.

– Усгүй болох аюул хэдийн нүүрлээд эхэлжээ гэж ойлгож болох уу?

– Усны хомсдол гэдэг ирээдүйд тохиож болзошгүй холын аюул биш юм билээ. Бидний амьдралд аль хэдийн эхэлчихсэн бодит өөрчлөлт юм байна.

Говиор явахад ус улам доошилж байгааг малчдаас өчнөөн сонслоо. Өмнө нь 60 метр худаг ухахад ус гардаг байсан бол одоо зарим газарт 120 метр хүртэл өрөмдөж байна. 

Замд явахад тэмээнүүд худгийн ойролцоо хүний бараа хараад ус горьдон зогсоно. Очсон газраа мал услах гэхээр зарим хүн “Худаг шавхах нь” гээд уурлаж байна шүү дээ. Уг нь монгол хүн хар ус харамладаггүй гэж ярьдаг сан. Одоо ус харамлахаар хэмжээнд хүрчихлээ.

Эд баялгийн төлөө бус, усны төлөө тэмцэлдэх цаг тийм ч хол биш. Үүнийг ч бид баримтат киногоороо үзүүлнэ.

– Бусад улс орны усны нөхцөл байдал ямар байна вэ?

– Хорин жилийн дараа усаа импортолж авна гэдгээ тооцоод, өнөөдрөөс газар нутгаа хамгаалж буй улс байсан. Энэ бол Узбекистан.

Улс орнууд усны асуудалдаа үнэхээр онцгой анхаарч байгааг эндээс харж болно.

Хүн төрөлхтөн дэлхийг томоор нь хардаг. Улс орноор нь хувааж, хилээр нь заагладаг. Гэвч байгальд хил гэж байдаггүй юм байна.

Өнөөдөр Арал тэнгист болсон зүйл маргааш бидний нутагт тохиолдохгүй гэсэн үг биш. Харин бид өнөөдөр юу хийхээс маргааш үр хүүхдэдээ ямар нутаг үлдээх нь шалтгаална гэж бодож байна.

– Аяллаа дуусгаад эх орондоо ирэхдээ өмнө нь олж хардаггүй байсан зүйлээ олж харав уу?

– Монголын салхи бол гайхамшиг юм. Уул ус, ургамал нь бүгд амьд. Ийм сайхан агаар, байгальтайдаа л хамгийн их талархсан.

Бас харамсмаар зүйл олж харж, анзаарлаа. Отгонтэнгэр хайрхныг тахих нэрээр олон мянган хүн нэг дор цуглаж, машин техникээр газар нутгийг нь талхалж, хог хаягдал үлдээсэн бичлэг хараад үнэхээр бухимдсан. Үнэхээр тахиж, шүтэж байгаа бол машинаа ойрхон сум, аймагт нь тавиад, морьтойгоо очсон ч болно шүү дээ. Нутгийн иргэдийн амьжиргааг ч дэмжинэ.

Том машин унаж, дураараа давхин, өчнөөн зам гаргаж, байгаль, нутгаа сүйтгэчихээд “Тахилаа” гэж яриад ч яах юм. Харин ч хайрхнаа хилэгнүүлчихэж байгаа юм шиг санагдсан.

– Энэ өдрүүдэд COP17-ыг Монголд зохион байгуулж буйг та ямар боломж гэж харж байна вэ?

– COP17 бол зүгээр нэг хурал биш. Энэ бол газар нутаг, уул ус, үр хүүхдийнхээ ирээдүйн тухай дэлхийтэй ярилцах том тайз.

Хэчнээн мөнгө зарцуулсныг яриад өнгөрөхөөс илүү дэлхийн туршлага, инновац, шийдлээс алийг нь Монголд авч үлдэх вэ гэдэг чухал. Сайн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлээсэй. Тэгж чадвал COP17-ын бодит үр дүн тэр болно.

Гэхдээ өнөөдөр байгалиа зөвхөн хэвээр нь өвлүүлэн үлдээх тухай ярих хангалтгүй болжээ. Доройтсон газраа сэргээж, ус, бэлчээрээ хамгаалж, амьд байгалиа авч үлдэх үүрэг бидэнд байна.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.