Олон нийтийн сүлжээнд “Зүүнхараа дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэнийг зодож тархины ясыг хугалжээ” гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр тавигдсаны дагуу Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явууллаа.

 

Шалгалтаар: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн  2 дахь, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгдэгч “А” нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлсан тул шүүгчийн энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 994 дүгээр захирамжаар эрэн сурвалжлан олж тогтоох ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.

 

Улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг явуулснаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч “А”-г олж тогтоон баривчилсан.

 

Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч “А”-г эрэн сурвалжилж баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэн өгөхөд түүний биед ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлтгүй байсан, мөн  цахим сайтад тавигдсан гэрэл зурагт тусгагдсан баруун нүдний хавдар нь түүний хуучин бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй нус нийх үйлдэл хийснээс богино хугацааны хавдар үүссэн нөхцөл байдлаас бий болсон нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги болон “Люкс мед” эмнэлгийн эмч нарын дүгнэлт, тайлбар, хяналтын камерын бичлэгүүд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн туслах, тухайн үед үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудын мэдүүлгээр тус тус тогтоогдсон болно.

  

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ