Бидний цахим орчинд өнгөрүүлэх цаг хугацаа нэмэгдэхийн хэрээр хувийн мэдээллээ алдах, хакердуулах эрсдэл өсөж байдаг. Энэхүү асуудлыг дараах энгийн алхмуудын тусламжтай шийдэж болох бөгөөд хэрэглэгчийн зүгээс өөрийн нууцлалаа хадгалах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх боломж бүрэн бий. 

#Нягтлах

Өнгөрсөн жил Facebook компани 533 сая хэрэглэгчийнхээ нэр, утасны дугаар, төрсөн өдөр, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг хакеруудад алдаж байсныг та санаж байгаа байх. Үүнтэй адил Yahoo, Marriott, Target, Twitter зэрэг томоохон брэндүүд мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадалгүй, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсан байдаг. Тиймээс хакерууд ямар нэгэн байдлаар таны цахим хаягт нэвтэрч, мэдээллийг тань хулгайлсан эсэхийг мэдэхийн хүсвэл Have I Been Pwned? сайт руу зочилж, и-мэйл хаяг эсвэл утасны дугаараа бичээд хайлт хийн шалгаж үзээрэй. 

#Нууц үгээ солих

Хэрэв та цахим хаягуудынхаа нууц үгийг өөрийн төрсөн өдрөөрөө эсвэл ойр дотнынхоо хүний нэрээр зохиодог бол хувийн мэдээллээ алдахад гайхах зүйлгүй гэж хэлж болно.  Учир нь цахим нууцлалаа хадгалахад хэрэглэгчийн зүгээс хамгийн эхэнд анхаарах ёстой зүйл бол нууц үг зохиох юм. Таны нууц үгнүүд хүн таахад амархан, энгийн биш, аль болох урт, олон төрлийн тэмдэгтүүд холилдсон байх хэрэгтэй. 

Мөн нэг нууц үгийг нэгээс дээш цахим хаягт ашиглах нь тохиромжгүй байдаг. 

Тиймээс таны өмнөөс цахим хаягуудад тань нууц үг зохиож, түүнийгээ давтамжтайгаар шинэчилж байдаг  LastPass, 1Password зэрэг онлайн үйлчилгээг туршаад үзээрэй. 

#Өргөтгөл ашиглах

Вэбсайтууд болон компаниуд таны онлайнаар хийсэн бүх үйлдлийг мөшгөж байдаг. Та ямар сайтуудаар зочилж, юунд цаг хугацаа зарцуулах нь таны зан чанарыг тодорхойлоход тустай байдаг учир ялангуяа зар сурталчилгааны компаниудад таны хайлтын илэрц маш үнэ цэнтэй мэдээлэл болж хувирдаг. Тиймээс та хэрэглэдэг интернэт хөтөчдөө нэмэлтээр uBlock Origin, Privacy BadgerHTTPS Everywhere зэрэг өргөтгөл суулгаж болох бөгөөд энэ нь таны мэдээллийг вэбсайтууд хадгалж үлдэхээс сэргийлдэг.