Х.Оргил
05 сарын 22, 2019
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн өндөр шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрд итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.
Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.