Хууль: Дархлаажуулалтын талаарх төрийн бодлого, иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

Б.Баясгалан
02 сарын 20, 2021

Манай улс энэ сарын 23-наас коронавирусийн эсрэг дархлаажуулалтын вакциныг шат дараатайгаар иргэддээ хийж эхэлнэ. Улмаар наадмаас өмнө вакцинжуулалтыг дуусгана гэж төлөвлөөд буй. 

Вакцин тариулах эсэх нь иргэний сайн дурын сонголт, хууль нь тийм. Иймд "Уг вакцинд хамрагдахгүй гэсэн хүмүүсээс бичгээр баталгаа авна. Харин хоёр тунг бүрэн хийлгэсэн хүмүүст "вакцинд хамрагдсан" гэсэн утга бүхий сертификат олгоно. Энэ нь олон улсын хилээр нэвтрэх нэг үндэслэл болно" гэж УОК-оос мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор бид Дархлаажуулалтын тухай хуульд тусгасан Дархлаажуулалтын талаарх төрийн бодлого, дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүргийг хүргэж байна.


Дархлаажуулалтын тухай хуулиас...

5 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаарх төрийн бодлого

5.1. Хүн амын дархлаажуулалт нь төрийн ивээлд байх бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээрийн тархалтыг хязгаарлах, өвчнийг устгахад төрөөс дараах бодлогыг хэрэгжүүлнэ:

5.1.1. иргэн бүрт сэргийлэх тарилга хийлгэх боломжийг бүрдүүлэх;

5.1.2. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн байгууллагаас хийж байгаа сэргийлэх тарилгын зардлыг улсын төсвөөс гаргах;

5.1.3. сэргийлэх тарилгын дараа хүндрэл гарсан тохиолдолд иргэдэд ердийн өвчний адил тэтгэмж олгох;

5.1.4. улс, орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын зорилтот хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;

5.1.5. дархлаажуулалтад үр ашигтай нь тогтоогдсон дархлаажуулах бэлдмэлийг хэрэглэх;

5.1.6. дархлаажуулах бэлдмэлийн чанар, үр ашиг, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлыг төрөөс хянах;

5.1.7. дархлаажуулах бэлдмэлийг өөрийн улс оронд үйлдвэрлэгчдэд төрөөс туслаж, энэ чиглэлийн шинэ бэлдмэл боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих;

5.1.8. эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх боловсролын стандартад дархлаажуулалтын асуудлыг тусгах;

5.1.9. халдварт өвчний тархалтыг тандах, дархлаажуулалтын түвшинг үнэлэх, хянах тогтолцоог боловсронгуй болгож, улсын хэмжээнд мэдээллийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх.

5.2. Дархлаажуулалтын талаархи төрийн бодлогыг төв, орон нутгийн төрийн захиргааны болон эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ.

5.3. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэртээ дархлаажуулалтыг зохион байгуулах талаар дараахь үүрэг хүлээнэ:

5.3.1. /Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.3.2. нутаг дэвсгэрийнхээ хүн амыг дархлаажуулах тусгай хөтөлбөр батлах.


6 дугаар зүйл. Дархлаажуулалтын талаар иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг

6.1. Иргэн дархлаажуулалтын талаар дараах эрх эдэлнэ:

6.1.1. сэргийлэх тарилгын ач холбогдол, түүнээс татгалзсан тохиолдолд гарах хор уршиг, эмнэлгийн харшлах заалт, тарилгын дараа үүсэж болох хүндрэлийн тухай бүрэн бодит мэдээллийг эрүүл мэндийн байгууллага, мэргэжилтнээс шаардаж авах;

6.1.2. сэргийлэх тарилгыг хийлгэхдээ төрийн болон холимог, хувийн өмчлөлийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг сонгох;

6.1.3. сэргийлэх тарилгын үндэсний товлолд орсон болон тархвар судлалын заалтаар хийх сэргийлэх тарилгыг төлбөргүй хийлгэх;

6.1.4. тарилгын дараахь хүндрэлийн үед төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад төлбөргүй эмчлүүлэх;

6.1.5. эмчийн заалтаар сэргийлэх тарилгаас татгалзах.


6.2. Иргэн дархлаажуулалтын талаар дараахь үүрэг хүлээнэ:

6.2.1. эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу сэргийлэх тарилга хийлгэх;

6.2.2. сэргийлэх тарилгаас татгалзсан бол түүнийгээ бичгээр баталгаажуулах;

6.2.3. сэргийлэх тарилгад хамрагдах хугацааг эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн тохиолдолд сэргийлэх тарилгаас хоцрохгүй байх;

6.2.4. Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.


7 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

7.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээний жагсаалтад дурдсан албан тушаалд уг тарилгад хамрагдаагүй иргэнийг ажилд авах асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх эдэлнэ.

7.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээнэ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.