БНХАУ хоолны хаягдлыг багасгахын тулд зоогийн газруудад маш их хэмжээний хоол нэг дор захиалж мукбанг бичлэг хийхийн эсрэг хууль боловсруулжээ. 

Хуулийн тухайд гэвэл өнгөрөгч жилээс эхлэлтэй, "Хоол хүнсээ хямгадах аян"-ы хүрээнд энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлж байгаа юм. 

Тус улсын ерөнхийлөгч Ши Жин пиний хэлж байгаагаар хүнсний хаягдлын хэмжээ Хятадын хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болоод байсан аж. 

Зоогийн газрууд үйлчлүүлэгчдэд хангалттай мэдээлэл хүргэж, менюгээ танилцуулаагүй улмаас үйлчлүүлэгч идэх хэмжээнээсээ их хоол захиалсан тохиолдолд тус байгууллагыг 1550 хүртэлх хэмжээний ам.доллароор торгох заалт гарчээ. 

Харин телевизийн сувгууд, сошиал медиа платформ дээр мукбанг хийж байгаа бичлэг нийтэд түгээсэн тохиолдолд 16 мянган ам.долларын торгуультай болсон юм.

Яагаад энэ хуулийг хэрэгжүүлэх болсонтой танилцвал, НҮБ-ын Дэлхийн хоол хүнсний програмын зүгээс коронавируст халдвар нь хэдэн арван сая хүмүүсийг өлсгөлөн, хүнсний хүрэлцээгүй байдалд нэрвэгдүүлэх эрсдэлтэй гэж тооцсон байна. 

Ийнхүү зоогийн газрууд “N-1” журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус журамд зааснаар захиалах хоолны тоо нэг ширээнд хооллох зочдын тооноос үргэлж нэгээр бага байх юм.

Бизнесийн байгууллагууд ч бага порцоор үйлчилж эхэлж байгаа ба нэгэн зоогийн газар гэхэд л үйлчлүүлэгчдээ жинлэж үзээд, тухайн хүний биеийн жинд таарсан хоолыг санал болгож байгаа гэнэ.

Харин Мукбанг бичлэгүүдийг бүх л төрлийн сошиал хуудаснаас татан буулгаж байгаа юм. 

Хуулийн хүрээнд арга хэмжээнүүд авагдаад эхэлсэн нь нэгэн нарийн боов, гурилан бүтээгдэхүүний мухлаг “шинэ харагдахгүй, үйлдвэрлэсэн өдрөө борлуулагдаж чадаагүй” бүтээгдэхүүнүүдээ шууд хаясанд цагдаагийн байгууллагаас тэдэнд сануулах бичиг хүргүүлсэн байна.

Мөн хөвгүүдийн хамтлаг бэлтгэх нэвтрүүлгийн хүрээнд шүтэн бишрэгчид нь өөрийн хайртай оролцогчийг дэмжихийн тулд нэвтрүүлгийн багийн зүгээс худалдаанд гаргасан сүүг их хэмжээгээр захиалж байсан тул засгийн газраас тухайн сүүнүүд эцэстээ хаягдал болж байна гэсэн үндэслэлээр шалгаруулалтыг зогсоосон ажээ.


Эх сурвалж: Yahoo!