Дэлхийд үхлийн аюултай цар тахал гараад хэдийн нэг жилийн нүүрийг үзжээ. Гэсэн ч хүн гэдэг дасан зохицох чадвар сайтай юм. Цар тахлын эхэн үеийн гэнэтийн хөл хорионууд, журам заалтууд хэн бүхэнд л тодорхой хэмжээгээр хүнд туссан билээ. Нийгмээс тусгаарлалт, ажилгүйдэл, хүүхдүүдээ харах гэх мэт олон асуудлууд бидний сэтгэцийн эрүүл мэндэд шууд нөлөөлсөн. Гэвч бид одоо ч амьдрахын төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж байгаа юм. Тэгвэл бидний сэтгэц энэ нөхцөлд хэрхэн ажиллаж байна вэ?

КОВИД-19 халдвараас үүдсэн бие физиологийн эрүүл мэндийн асуудал дэлхий даяар маш өргөн хүрээнд яригдаж байгаа билээ. Үүнээс нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цаашдаа ч нэмэгдсээр байх хандлагатай байна.

Тэгвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд ч өнгөрөгч онд эрчийг авчээ. Нийтлэг нь сэтгэл зовнил болоод стресс.

Гэр бүл, ойр дотнынхон, найз нөхөд, хөрш гээд л, цар тахал өөрт ойртох тусам сэтгэл хөдлөл нь тогтворгүйжиж байв. Манай улсад нас баралт өнгөрөгч жилд бүртгэгдээгүй байсан ч бусад улс орны хувьд нийтээр оршуулах арга хэмжээ автал хүндэрч, зарим улс оронд эмчилгээ гэхээс илүү булшийг нь бэлтгэхээ урьтал болгож байсан юм. Дэлхий даяар ихэнх хүмүүс ойр дотнын хүмүүсээсээ хагацсан уй гашуу болоод тусгаарлалттай эвлэрэх гэж хүнд үеийг туулсан бол үлдсэн нь ажилгүйдэл, санхүүгийн баталгаагүй байдалтайгаа тэмцэх арга хайж байжээ.

Premium Vector

Одоогоос нэг жилийн өмнө ажилчин анги ердөө хоёр хуваагдсан билээ. Нэг хэсэг нь ажилдаа явж, вируст нөхцөлд ажиллах хэрэг гарсан бол нөгөө хэсэг нь гэрээсээ, аюулгүй ажиллах болсон.

Хөл хорионы эхэн үед ч хүмүүс хоёр хуваагдсан нь хөл хориог амралт гэж үзсэн нэг хэсэг байхад нөгөө нь ажилгүйдэл, хоногийн хоолоо хэрхэх талаар эцэс төгсгөл үгүй бодолтой тулсан. Одоо ч энэ төрлийн хуваагдал арилаагүй бөгөөд хөл хорио нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлсөөр л байгаа. Учир нь хүмүүс илүү хямарч, илүү их стресст орж, амралтгүй ажиллах нь ихсэж, нойргүйдэлд орох нь элбэг тохиох болжээ.

АНУ-д л гэхэд 2020 оны 3 дугаар сард хийгдсэн судалгаагаар хүмүүсийн алкоголь болон каннабисын хэрэглээ нэмэгдсэн үзүүлэлттэй байв. Энэ төрлийн судалгааг манай улсад ч хийвэл ижил хэмжээний үр дүн гарч ирэхийг хэн бүхэн таамаглаж байгаа байх. Учир нь орой 6-9 цагийн хооронд дэлгүүрт тэрэг, сагс дүүрэн пиво, согтууруулах ундаа авч байгаа дүр зураг энгийн үзэгдэл болсон. Алкоголийн хэрэглээг тайлбарлахдаа цар тахлаас улбаатай сэтгэл зовнил, сэтгэл гутралыг бууруулахад эерэг нөлөөтэй гэж байгаа ч алкоголийг байнга давтамжтай уух нь донтуулдаг болохыг мартаж болохгүй.

Мөн судалгаанд оролцогсдын 38 хувь нь үргэлжид ядарсан мэдрэмжтэй явах болсон гэсэн бол 36 хувь нь нойрны асуудалтай, 25 хувь нь сэтгэл гутралтай, ямар ч найдлагагүй мэт санагдах болсон байжээ.

Тэгвэл одоо цагт юу болж байна вэ? Судлаачид цар тахлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судалсаар л байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байгаа ч ерөнхий судалгаанаас авч үзвэл дэлхий дахинаа сэтгэл гутрал огцом нэмэгдсэн үзүүлэлттэй байна. АНУ-ын хувьд л гэхэд тус улсын нийт хүн амын 42 хувь нь сэтгэл гутрал болоод сэтгэл зовнилын шинж тэмдэгтэй байгаагаа хэлсэн нь өнгөрөгч жилтэй харьцуулахад даруй 11 хувиар илүү байжээ. Мөн цар тахлын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь хижээл насны насанд хүрэгчдэд харьцангуй бага байсан бол дөнгөж насанд хүрч буй залууст хамгийн хүнд туссан гэнэ.

Хүмүүсийн дуу нэгтэй хэлж байгаа зүйл нь цар тахал эхэлснээс хойш бүх зүйлс дордсон уу гэхээс сайжраагүй гэжээ.

Судлаачдын дэвшүүлж байгаа өөр нэг таамаг бол цар тахал дууссан цагт хүмүүс энгийн амьдралдаа ороход одоогийн сэтгэцийн байдал нь бүр дордож болох юм хэмээсэн байна.