Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 40 цэцэрлэгийн тоглоомонд үзлэг шалгалт хийжээ.  Хяналт шинжилгээгээр цэцэрлэгүүдэд гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээгүй, хаяг шошгогүй, гаж үнэртэй, хурц өнгөтэй зэрэг эрсдэл бүхий 49 тоглоомноос дээж авч шинжилсэн байна. 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид будгийн тогтворжилт, рН, формальдегид, хүнд металлын шинжилгээнд хамруулан 16 дүгнэлт гаржээ. Тиймээс эцэг эхчүүдэд олог улсын чанар, стандартын тэмдэгтэй, арслангийн зурагтай тоглоомыг хүүхдэдээ худалдан авахыг зөвлөсөн байна.

НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ. Тоглоом худалдан авахдаа ямар төрлийн тоглоом гэдгээс нь хамааруулан дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхэлдэй авахдаа "эко" тэмдэглэгээг анзаараарай



Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд химийн бодис ихээр агуулдаг. Тухайлбал тэдгээрийн хувцас, гоёл чимэглэлийн хэрэгсэл барби цахилгаан эд ангиудыг агуулсан байдаг. Жижиг хүүхэлдэй худалдан авахаас зайлсхий. Ихэвчлэн чимэглэлийн гэсэн ангилалд хамаардаг учир химийн бодисын хууль эрх зүйн хязгаарлалтад хамаарагддаггүй байна. Авахдаа үүнийг анхаарна уу.

- Худалдан авах гэж буй хүүхэлдэйний шошго дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.

- Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй.


Чихмэл тоглоомын нарийн үс ширхэгийг хүүхэд залгих аюултай

Энэ ангилалд Teddy баавгай болон бусад төрлийн чихмэл тоглоом орно. Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг.  Мөн даавууны нарийн үс ширхэгийг хүүхэд залгих аюултай. Авахдаа үүнийг анхаарна уу.
- Байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгах
- Хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах
- Үнэгүй, бэлэг дурсгалын тоглоомноос зайлсхийх.



 Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэдэг

Модон тоглоомонд таавар, эвлүүлдэг тоглоом, хүүхэлдэйн байшин, угсардаг тоглоомууд багтдаг. Будаггүй, хатуу модон тоглоомын зарим нь аюулгүй боловч зарим нь аюултай модон тоглоом байж болно. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир илүү аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоомноос болгоомжлох хэрэгтэй. Авахдаа үүнийг анхаарна уу.
- Наасан хэсгүүд нь аль болох цөөн бүрдсэн хатуу, модон тоглоом худалдаж авах.

- Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах.



Хуванцар тоглоом дааврын тогтолцоонд нөлөөлдөг

Зөөлөн хуванцар,синтетик резин тоглоом, шаар зэрэг тоглоомнууд багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Хатуу хуванцар тоглоом нь фталат бага агуулах магадлалтай учраас аюул багатай байдаг. Гэсэн хэдий ч, тэдгээр тоглоомнууд нь заримдаа хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулж болно.
- Байгалийн резинэн тоглоом сонгох

- Шошгон дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэй поливинил хлор болон фталат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох

- Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх



Тосон будаг хар тугалга, хүнцэл, мөнгөн ус агуулдаг


Энэ ангилалд тосон будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл тоглоом нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг. 2009 онд Канадын Засгийн газрын Эрүүл мэндийн холбооноос хүүхдийн нүүрний тосон будаг харандааг шинжилэхэд хар тугалга, хүнцэл, мөнгөн ус, кадьми, сурьма зэрэг хүнд металл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн болохыг мэдээлсэн байна. Авахдаа үүнийг анхаарна уу.

-Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэрэшгүй харшил үүсгэж болзошгүй тул худалдаж авахгүй байх

-Хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох