Цаг үеийн нөхцөл байдлын талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт явуулж, нийслэлийн 6000 гаруй албан хаагчид эргүүлээр ажиллаж байна.

Албан  хаагчдын шаардлагыг иргэдийн зүгээс эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл ирж байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэв. 

Тэрбээр "Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд албан хаагчид амралтын өдөргүй ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлалсантай холбогдуулан иргэдийн зүгээс шалган нэвтрүүлэх товчоодод ажил эхэлсэн учраас хотруу орно, амралт дууссан гэх зэргээр албан хаагчдад хүндрэл учруулж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлана гэдгийг иргэд ойлгож, төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудад хамтарч ажиллахыг хүсч байна” гэв.

Бичлэг үзэх:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун:

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийт 945 бар цэнгээний газар, 310 дэн буудал, 69 амралтын газар, 87 саун, 59 фитнесс, 321 сүм хийдийн үйл ажиллагааг зогсоож байна. Хэрэв захирамжийг зөрчсөн тохиолдолд иргэнийг сая 500, аж ахуйн нэгж байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно. Иргэдийн зүгээс өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын албан хаагчид хяналт тавьж ажиллана. Хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдааг зогсоохгүй. Зах худалдааны төвүүд, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэв.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвар өнөөдрийн байдлаар 38 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд зургаан улсад халдвараас нас барсан тохиолдол гарчээ. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй ч дамжин орж ирэх өндөр магадлалтай байгаа учир  иргэдийг хувийн ариун цэврийг сайтар хангахыг НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа сэрэмжлүүллээ.