Б.Баясгалан
10 сарын 03, 2018
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрог болох Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын 62 дугаар тогтоолын талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Тус тогтоолыг Цэц хууль зөрчсөн гэж үзэн, сонгууль явуулах хугацааг хойшлуулсан юм.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "МАН нөхөн сонгуульд ялагдана гэж айсандаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нөлөөлж ийм шийдвэр гаргууллаа" хэмээсэн юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд бүгд санал нэгдэж дэмжсэн. Нөхөн сонгууль явуулах товоо тогтсон. Цэцийн шийдвэрт МАН нөлөөлсөн, Цэц МАН-д үйлчилдэг гэсэн яриагаа одоо болих хэрэгтэй. Залуучуд та нар арай дэндэж байна. Цадигтай бай. Баримттай зүйл ярь.
Б.Пүрэвдоржоо чи арай дэндэж байна. Чам шиг хүнийг би үзсэн. Бүр 300, 400-гаар нь үзсэн. Юманд хэмжээ хязгаар, ёс жудаг, төрийн хүний суудал, яриа гэж байдаг юм ш дээ. Чи хэн болчихоод бүхнийг мэдэж, дүгнээд буй юм. Манай намыг шүүмжилж болно. Гэхдээ үнэн юм ярь. Тэр Цэцийг чинь МАН сонгочихсон юм уу. Хамгийн сүүлийн Цэцийн гишүүдийн томилгоог та нар дэмжээд л гүйж байсан. Цэцийн гишүүдийг гүтгэдгээ больчих.
Ер нь сонгуулийн тухай хуулийг энэ намрын чуулганаар дуусгах талд УИХ-ын гишүүд минь онцгой анхаарахгүй бол болохгүй нь. Аргагүй ш дээ. Тусдаа байх шаардлагатай гурвын гурван хуулийг нийлүүлчихсэн юм чинь. Би энэ хуулийг батлах гэж байхад эсэргүүцээд телевизэд ярилцлага өгч л байсан" хэмээн хэллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.