УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг хэлэлцсэн билээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэдэгт гишүүдийн олонх нь санал нэгдсэн юм.

Тус хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хэнтий аймгаас олон удаа сонгогдсон. Тэгээд тэнд очих нүүргүй болчихоод Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулсангүй гэдгийг би Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. МАН-ынхан над руу уурласан. Одоо дахин нэг зүйлийг нэмж хэлье. Тус сонгууль болбол МАН ялагдах учраас У.Хүрэлсүх жолоочийнхоо ээжээр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл өгүүлсэн. Хамгийн найдвартай хүнээрээ өгүүлсэн байна. Тэгээд хэргийг шийдүүлсэн. Энэ үнэнийг нь хэлэхээр уурлаж байна. Үнэнээ сонсож чадахгүй байна" хэмээн ярилаа.