Иргэдийн зарим нь коронавирусийн шинжилгээ худлаа гарч бна, манайд тархчихсан байх магадлалтай гэсэн яриа гаргаад буй. Энэхүү эргэлзсэн ойлголтод академич Ц.Оюунсүрэн хариулт өглөө.


-Иргэдийн дунд коронавирусийн шинжилгээнд үл итгэх хандлага байгаа. Үүн дээр мэргэжлийн хүний хувьд тайлбар хийхгүй юу?

-Манайд одоогоор зөвхөн ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид энэхүү Sars-nCov2 вирусийн шинжилгээг хийж байна. Шинжилгээг ДЭМБ-ын болон бусад олон улсын зөвлөмжийн дагуу, тэдгээрт хэрэглэдэг бодис урвалж ашиглан дэлхий нийтэд хийгдэж байгаа арга, аргачлал, стандартын дагуу хийж байна. Мөн тус лабораторид мэргэшсэн, чадварлаг вирусологич, эмч, судлаач, молекул биологичид ажилладаг. Бүгдээрээ гадаад, дотоодод сурч мэргэжил дээшлүүлсэн вирусийн оношлогоо судалгаагаар дагнасан мэргэжлийн хүмүүс. Иймээс оношлогоог маш сайн хийж байгаад эргэлзэх явдалгүй.Тухайлбал, АНУ-ын  CDC ( Center for Disease Control and Prevention) буюу дэлхийд алдартай, вирусийн оношлогоо, түүнээс сэргийлэх төвд ажилласан дадлага туршлагатай мэргэжлийн хүмүүс ч энэхүү багт бий. Түүнээс гадна манай улс  олон улсад ашиглаж байгаа оношлуур, багаж тоног төхөөрөмжийг оношлогоонд ашиглаж байна. Иймээс оношлогоо, түүний үр дүнд эргэлзэх хэрэггүй юм.

Харин өөрсдөө хувийн болон орчны ариун цэврээ сайтар сахиж, төр засгийн шийдвэрийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай байна. 

Энэ вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ-д   (ДНХ биш) агуулагдах тул ДНХ бүхий вирусийг бодвол амархан хувирч өөрчлөгдөх магадлалтай. Урьд өмнө хүн төрөлхтөнд тохиолдож байгаагүй шинэ төрлийн вирус. Иймээс оношлогоо, эмчилгээнд ямар нэгэн хүндрэл гарч магад гэж олон улсын байгууллага, судлаачид ихээхэн болгоомжилж, судалгааг маш эрчимтэй хийж байна.

-Ямар төрлийн оношлуураар энэхүү вирусийг оношилдог вэ?

Манай улсад, миний ойлгож байгаагаар ихэвчлэн хоёр төрлийн оношлуурыг ашиглаж байна. Нэг нь вирусийн удамшлын мэдээллийг буюу РНХ молекул, түүний аль нэг хэсгийг илрүүлдэг оношлуур, нөгөө нь хурдавчилсан буюу тухайн хүн вирусийн халдвар авсан  эсэхийг хүний цусанд вирусийн эсрэг “эсрэг бие” хэмээх уураг нийлэгжсэн эсэхийг илрүүлэн оношлож байна. 

-Коронавирусийн далд үеийн хугацаа улам нэмэгдээд байна. Энэ нь оношлуураас шалтгаалах уу, вирусээс шалтгаалах уу?

Өмнө дурдсан оношлуурын эхнийх нь  тухайн хүн Cov-Sars2  вирусийн халдвар  авч вирус цусанд үржиж байгаа  эсэхийг 2-3 цагийн дараа ч  илрүүлэх учир ихээхэн ач холбогдолтой. Харин 2 дахь нь тухайн хүн халдвар авсан ч вирусийн эсрэг хариу урвал явагдах хүртэл 5-7 хоног ( түүнээс ч их байж болох) шаардагдах тул арай хожуу оношлогдох магадлалтай. Тэр хооронд бусдад халдвар тараах эрсдэлтэй юм. Иймээс энэ шинэ вирусийн “зан төрхийг” сайтар мэдэхгүй тул түүний далд үе 14 хоног гэж үзэж байсан. Сүүлийн үед хугацааг 21 хоног гэх болов. Энэ нь бас Sars-nCov2  өөрөө хувьсан өөрчлөгдөж, мутацид орж байгаатай ч холбоотой байж магад.

Мөн ямар нэгэн зовиургүй ч вирусийн халдвар авсан магадлал өндөр тул, бүх хүнд шинжилгээ хийх нь ач холбогдолтой. Гэхдээ улс орон бүр бүх хүн амдаа шинжилгээ хийнэ гэдэг төвөгтэй ажил. 


-Тэгвэл дархлаатай хүн өвдөхгүй хэрнээ бусдад тараадаг гэсэн үг үү?

-Ерөнхийдөө тэгэж ойлгож болно. Халуурах, ханиалгах ямар нэгэн шинж тэмдэггүй хүмүүс өөрсдөө уг вирусийн эсрэг дархлаа тогтоочихсон гэсэн үг. 

Энэ нь өвдөхгүй хэрнээ өрөөл бусдад өөрөө ч мэдэхгүйгээр халдвар тараах аюултай.

Ийм хүмүүсийг олж тогтоох нь “толгойны өвчин” болоод байна. Манай улсад гадаадаас ирж буй хүмүүсийг нэг бүрчлэн шинжилж байгаа байх, гэхдээ шинжилгээг давтан хийх нь чухал юм.