УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо  өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар "Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төсөл болон сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн

Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан. 

Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасстай бөгөөд эхний ээлжид нэгдүгээр шугамын чиглэлийн трассын бүтээн байгуулалтын ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөсөн. 

Төслийн нөлөөлөлд өртсөн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж байна. Энэ газарт 30 га газарт депо, 63 га газарт авто зогсоол, 17 га газарт оффис, худалдаа, үйлчилгээний зориулалтын бүтээн байгуулалт хийнэ” гэсэн юм.

Хөнгөн галт тэрэгний нэгдүгээр шугам нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо “Буянт-Ухаа 2” хороолол орчмоос Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжилнэ. 

Харин хоёрдугаар трасс нь Шар хаднаас Толгойт хүртэл 17.5 км, гуравдугаар трасс нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Зунжин хүртэл 14 км байхаар тооцсон байна. 

Одоогийн байдлаар нэгдүгээр шугамын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дууссан бөгөөд 2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулж, туршилтын галт тэргийг явуулахаар төлөвлөжээ. 

Туршилтын галт тэргийг зургаан сарын хугацаанд явуулаад, 2025 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд бүрэн шилжүүлэхээр тооцсон байна. Нэгдүгээр шугам нь  15 буудалтай байх бөгөөд нийтдээ 110 га орчим газарт бүтээн байгуулалт хийх юм.

Түр хорооноос “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг төслийг дэмжих тухай” тогтоолыг гишүүдийн 71.4 хувийн саналаар баталж, төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх асуудлыг шийдэх, холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР