"Европын холбооны улсад 0-2 насны хүүхдийн хоол хүнсийг эмийн стандартаас ч нарийн шалгуураар хянадаг аж. Харин манайд энэ тал дээр хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Сүүлийн үед л анхаарч эхэлсэн. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдэд сайн гэсэн элдэв амин дэмээр "бөмбөгдөх" гээд байгаа тал ажиглагддаг. Уг нь хоолны шим тэжээлд анхаарснаар насан туршийн дархлаа суудаг" гэж Т.Уранжаргал онцлон ярьж байна. 

Тэрбээр органик бүтээгдэхүүн импортлогч гэдгээрээ танигдсан "Грийн Гэйт Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг. 

Байгаль орчинд ээлтэй, хүний биед хор нөлөөгүй, органик бүтээгдэхүүний талаарх мэдээлэл түүний яриа хэрэгцээт мэдээлэл болно гэдэгт итгэж байна.


Хоёр нас хүртэлх хүүхдийн хоол тэжээлд анхаарвал насан туршийн дархлаа суудаг

Нэг үеэ бодвол монголчууд бид хүүхдийн боловсролын талаар нэлээд ярьдаг болжээ. Сайшаалтай хэрэг л дээ, гэхдээ боловсрол ярихаасаа өмнө бид хүүхдэдээ шим тэжээлтэй хоол хүнс өгч байна уу үгүй юу гэдгээ нухацтай бодож үзэх цаг нь болсон. 

Учир нь хоёр хүртэлх насандаа идсэн хоол хүнснийхээ шим тэжээлээр насан туршийн дархлаа тогтдог. Энэ бол судлагдсан зүйл. Хэрвээ энэ насанд нь хүүхдийн хоол тэжээлд анхаарахгүй бол насан туршийнх нь дархлааг бэлдэж чадаагүй тул өвчлөмтгий болж өсдөг.

Эмнэлэг ачааллаа даахгүй шахам байна шүү дээ. Зарим эцэг эхчүүд үүнд эрүүл мэндийн салбарыг буруутгадаг. Хэдий асуудал байгаа ч үүнээс өмнө бид өөрсдөөсөө "Хариуцлагатай эцэг эх байж чадсан уу?" гэсэн асуултыг асуух ёстой гэж боддог.

Та хүүхдээ дагуулж дэлгүүрт ороод юу авч өгдөг вэ? Эндээс л таны хүүхдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа нь харагддаг

-Хүүхэд нь дуртай учраас чихэр, чипсийг нь авч өгөөд байгаа юм биш биз?

-Эсвэл эрүүл мэндэд нь тустай учраас сонголт хийгээд байна уу 

гэдэг дээр тус бүрнээ тунгааж үзэх цаг нь болжээ.

Бичлэг үзэх:


Органик хүнсийг хэрхэн батлах вэ?

Монголчууд бид өөрсдийгөө бэлчээрийн аж ахуйтай, хамгийн эрүүл мах хэрэглэдэг үндэстэн гэж боддог. Үнэхээр ч тийм, бид дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчдийн үр удам шүү дээ. Гэхдээ бодитоор харвал асуудал их бий. 

Наад зах нь малын вакцинжуулалт,  туулга тарианы асуудал эргэлзээтэй хэвээрээ байна. 

Бид дэлгүүрээс мах авахдаа аль аймгаас ирсэн, хэн гэж малчны мал гэдгийг, хэзээ тарилга, туулгыг нь хийсэн талаарх ямар мэдээлэлгүйгээр худалдан авдаг шүү дээ.  Үндсэндээ гарал үүслийн баталгаа нь тодорхойгүй гэсэн үг. 

Гэтэл гадны улс орнууд тухайн бүтээгдэхүүний гарал үүслийг маш нарийн баталгаажуулдаг. Түүний түүх, мөшгөлтийг гар утсаараа ороод шалгаж байна шүү дээ. Европын орнуудад бүтээгдэхүүн дээрх QR кодыг нь уншуулахаар орц тус бүрээр нь хаанаас хэрхэн бэлтгэгдэж ирдэг тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирдэг шинэлэг зүйл биш болжээ. 

Бид саяхан Франц улсын Vitagermine компанийн үйлдвэрт зочилж анхдагч түүхий эд бэлтгэхээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэх хүртэлх шат дамжлагатай танилцаад ирлээ. Тэнд ОРГАНИК газар тариалан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт тэр ч бүү хэл дэлгүүр дээрх өрөлт хүртэл нарийн стандарт шаардлага, журамтай бөгөөд маш сайн хэрэгждэгийг нүдээрээ харсан.

Органик тэр дундаа Европын холбооны ногоон навчтай тэмдэглээг авах маш нарийн шалгууртай байдаг.

Гурван жилийн турш  органик бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийнхээ процесс шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг давтамжтайгаар хянаж шалгадаг. Үүний дараа нарийвчлан баталгаажуулсны дараа ОРГАНИК гэдэг шошгыг тавих эрхийг нь олгодог. 

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тухайн үхрийн бэлчдэг хөрс нь бохирдоогүй, пестицидийн хоргүй, генийн өөрчлөлтгүй байх шаардлага тавьдаг юм байна. Мөн тариалангийн талбайн ойр орчимд хүнд оврын тээврийн хэрэгсэл явахгүй байх, хүнд үйлдвэрлэл тухайн бүсд байршаагүй байх гэх мэт нарийн шалгууртай.

Тэр байтугай үнээгээ цахилгаан саалтуураар биш гараар саадаг юм байна.

Ингэснээрээ амьтны эрх ашгийг дээдлэхээс гадна хүүхдэд зориулсан stress free бүтээгдэхүүн гарган авах боломжтой гэж талаар тайлбарласан. Дэлгүүрт гэхэд 0-2 настай хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг тусгайлан гаргасан дэлгүүрийн тасагтай. Ялгагдах байршилд өрдөг учраас эцэг эхчүүд дэлгүүрт байх олон мянган сонголтууд дунд төөрч будилдаггүй.


ХЭРЭГЛЭГЧИД ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ ДЭЭРХ  “Е” ТЭМДЭГЛЭГЭЭГ АНЗААРАЛГҮЙ АВЧ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХОХИРООДОГ

Манайхны зарим нь гадаадын импортын бтээгдэхүүн аюултай, юуг нь ч мэдэгдэхгүй зүйлээр хүүхдийн хоол тэжээл хийлээ гэсэн буруу ойлголт байдаг. Гэтэл үнэндээ органик шошготой бүтээгдэхүүнүүдэд олон улсын өндөр зэрэглэлийн аудит хийдэг. Хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй байх, клиникийн судалгаагаар батлагдсан байх гээд дэндүү нарийн шалгуур давдаг гэдгийг нь мэддэггүй.Ялангуяа Европын холбооны улсын органик навчин тэмдэглэгээ хамгийн найдвартай бөгөөд нарийн шалгууртайг хэрэглэгчид мэдээд аваасай гэж хүсдэг.

Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд аль болох худалдан авахыг эрмэлздэг.  Гэхдээ бүтээгдэхүүн хийж байгаа түүхий эдийн гарал үүсэл нь хэр баталгаатай вэ, түүхий эд нь хаанаас ирж байгаа вэ гэдгийг бид мөшгилт хийж мэдэх боломжтой билүү гэсэн асуултууд гарч ирнэ.

Иргэдийн хувьд навчин тэмдэглэгээг анзааралгүй зөвхөн тухайн бүтээгдэхүүний 100 хувь натурал, байгалийн гаралтай, орц, найрлага нь аюулгүй гэсэн тэмдэглэгээнд хууртаж аваад байдаг. Эргүүлээд харахад баахан “Е” үсгийн тэмдэглэгээтэй. Жишээ нь Е102 нь астма өвчнийг хурцатгаж, харшлыг өдөөдөг тул олон оронд хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдаг. Иймээс л эцэг эхчүүд ямар орц, найрлага, шим тэжээлтэйг нь маш анхааралтай харж, сонголтоо хийхгүй бол хүүхдийнхээ хоолойгоор хор л давуулж байна гэсэн үг шүү дээ.


Европ хүүхдээ ЭМ биш ХООЛ, АГААРААР эмчилдэг

Европд ер нь хөнгөн ханиад болон бусад халдварт хөнгөн өвчний үед эм тариа хэрэглэхээс илүү чанартай хоол идэж цэвэр агаарт гарахыг эмч нар зөвлөдөг. Бид ч бас эрүүл мэндийн талаар суурь ойлголтоо сайжруулж мэдлэгээ нэмэгдүүлж аливаа зүйлд ул суурьтай хандахыг урьтал болгож дадаасай гэж хүсч байна.

Бор хоолонд оруулж байгаа бол заавал анхаарах зүйлс

Хүүхэд бүрийн онцлогоос хамаарч өөр өөр хэлбэрээр бор хоолонд ордог хэдий ч суурь хэдхэн зарчим нь ижил. Жишээлбэл:

* 1 ой хүртэл нь давс, нэмэлт сахар хэрэглэхгүй 

* 7 сар хүртэл нь мах өгөхгүй хүүхдийн ходоод, гэдсийг ачааллуулахгүйгээр макро микро шим тэжээлийг тэтгэх

* Аливаа жимс ногоо шинэ төрлийн амт хоол тэжээлд бага багаар дасгаж оруулах /1 ногоог жишээ нь 5-7 хоног өгч дасгаж байж дараагийн ногоог танилцуулах г.м/

* Ханасан тостой хоол хүнс хэрэглэхгүй байх...

Дээрх зарчмуудаас гадна өөрийн тань асуултад дурдсанчлан шим тэжээлтэй гээд ногоо жимс жигнэж өгөхдөө яг гарал үүсэл нь тодорхой ногоо жимс мөн үү гэдгээ нягталж үзээрэй.  Мэдээж өөрсдөө, таньж мэдэх хүн нь баталгаатай аюулгүй хөрсөнд тарьж ургуулсан ногоо жимс бол эцэг эхчүүд өөрсдөө жигнэж бэлдэж өгөх нь хаана хаанаа ач тустай. Харин генийн өөрчлөлттэй, пестицидтэй, химийн аргаар бордсон ногоо жимсийг бэлтгэж өгөх нь шим тэжээл авахгүйгээс гадна хүний биеийг давхар хордуулж байдаг учраас цензуртэй хандах хэрэгтэй.

Багаас нь элдэв амтлагчгүй хурц хоолноос хол сургавал эрүүл хооллоход хялбар байхаас гадна дээр дурдсан өвчлөлүүдээс ч мөн хол байх боломжтой. Ялангуяа харшилын суурь бол нэмэлт сахар, иймээс үр хойчынхоо төлөө далд муу сахараас хол байхыг уриалж байна.