Цэдэнбалын Цэрэндолгор
06 сарын 02, 2022
Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа.
Бид энэ удаа малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл болон цаашид уг асуудлыг хэрхэн зохицуулах ёстой талаар яриа өрнүүлсэн юм.
-Ер нь малд ямар эм, бэлдмэл голдуу хэрэглэдэг вэ?
-Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор янз бүрийн үйлдэлтэй, хэд хэдэн ангиллын эм болон бэлдмэлүүдийг хэрэглэж байна. Тухайлбал олон нэр, төрлийн вакцинууд, паразитын эсрэг үйлчилгээтэй эм, бэлдмэлүүд болон халдваргүй өвчнийг эмчлэх, тэдгээрээс сэргийлэх зорилгоор фармакологийн үйлдэлтэй эм хэрэглэдэг
Сүүлийн үед үржлийн аж ахуйнуудад малын ороо оруулах, ороо жигдрүүлэх үйлчилгээтэй гормоны эм бэлдмэлүүд хэрэглэдэг болсон.
Зарим мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг аж ахуйнуудад олон төрлийн, янз бүрийн найрлагатай нэмэлт тэжээлүүдийг ашигладаг. Гэхдээ бэлдмэл тус бүрд анхаарах зүйл бий. Жишээ нь нэмэлт тэжээлүүд гэхэд антибиотик болон гормоны найрлагатай. Тийм учраас спортын, эсвэл ачаа уналганд ашигладаг малд хэрэглэж болно. Харин хүнсний зориулалттай малд болгоомжтой хэрэглэх ёстой. Тийм учраас “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуульд тэжээлийн нэмэлтийг бүртгэх, хянах журмыг батлан хэрэгжүүлэхээр заасан.
Малын эмийг зориулалтаар нь хэрэглэх нь хамгийн чухал асуудал байгаа юм. Манай нөхцөлд, ялангуяа малчдын дунд эмийг мал эмнэлгийн бус байгууллагаас худалдан авч, малын эмчийн зөвшөөрөлгүй, зааварчилгаагүй хэрэглэх явдал газар авсан нууц биш. Ингэснээр мэргэжлийн байгууллага, мэргэжилтэн нь тухайн эмийн сөрөг, гаж нөлөөг илрүүлэх, бүртгэх, тэдгээрээс сэрэмжлэх, зөв хэрэглэх тогтолцоо алдагдаж, маш их хүндрэл учруулж байна.
-Малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?
-Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай.
Энд эмийн үлдэгдэл гэдэгт биед шимэгдээгүй тухайн эмийн үйлчлэгч бодис, малын биед бодис солилцооны явцад үүссэн бодис, эмчилгээний зориулалтаар биш, өөр замаар биед орсон бодисууд гэх мэт зүйлс хамаардгийг анхаарах ёстой.
Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодид ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг. Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
Эдгээр бодисууд нь мал, амьтанд нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах,аль нэг эрхтэнд хавдар үүсгэх, аливаа зүйлд хэт мэдрэг болгох (харшил), ужиг хордлого бий болгох зэрэг сөрөг болон гаж нөлөө үзүүлнэ.
Жишээ болгон хэлэхэд, ивомекийн төрлийн 40 орчим бэлдмэлүүд Монгол Улсын мал эмнэлэгт хэрэглэгдэж байна. Эдгээр эм бүгд хэрэглэх заавар, санамжтай. Гэвч энэ бэлдмэлийг малчид өөрсдөө маш буруу хэрэглэж ирсэн.
Ерөөсөө ивомекийг малын хосгүй сайн бэлдмэл гээд ойлгочихсон. Тийм учраас малын эмчид ханддаггүй.
Өөрсдөө зах дээрээс худалдаж аваад л малдаа тарьчихдаг. Уг нь өвчин үүсгэж байгаа паразитын биологитой нь холбож хэрэглэх ёстой. Гэтэл манай малчид жилийн дөрвөн улиралд малдаа хэрэглэж байна. Тэр байтугай паразитын өвчний үед ч биш, мал нь халуурах юм уу, бага зэрэг зовуурлангуут л хэрэглэчихдэг.
Ивомекийн найрлагад байгаа бодис нь яс, бөөр, өөх, булчин мах, элгэнд хуримтлагддаг. Хуримтлагдах дээд хэмжээ гэж бий. Манай төв лабораторид хийсэн шинжилгээний сүүлийн 5-6 жилийн дүнг аваад үзэхэд малд илэрч буй ивомекийн үлдэгдэл бодисын хэмжээ хэд дахин их гарч байна.
Ивомекийн үлдэгдэл гээд байгаа бодис нь мах, сүүгээр дамжин хүний биед орсноор сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг нь батлагдчихсан. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэдэг бол хүүхдийн санах ойг сааруулдаг зэрэг олон сөрөг нөлөөтэй.
Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх ч аюултай. Тийм учраас малын биеэс гадагшлах хооронд тухайн малын сүүг хүнсэнд хэрэглэх, төхөөрч махыг нь худалдаалахыг хориглодог. Гэтэл манайхан бараг урд өдөр нь ивомек тарьчихаад маргааш нядалгаанд оруулчихаад байгаа нь нууц биш.
-Тэгвэл малын маханд үлдсэн антибиотик ямар үр дагавартай вэ?
-Ерөөсөө дэлхий дахины том асуудал бол антибиотикийг зөв хэрэглэх явдал болчихлоо шүү дээ. Малд хэрэглэсэн антибиотик хуримтлагдаж, эсвэл үлдэж, малаас авч буй хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүнд очиж байна.
Нэг үеэ бодвол эмийн сангаар дамжуулан антибиотикийг жороор олгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ монголчууд бид антибиотикийг замбараагүй хэрэглээнээсээ салаагүй байна. Ингээд эмчилгээнд хэрэглэсэн тун, хүнснээс илүүдлээр авсан тун 2 нийлэхээр хүний биед хуримтлал үүсч, зохисгүй хэрэглээ бий болдог. Мэдээж тухайн антибиотикт тэсвэртэй болсноор хүнийг халдварт өвчин үүсгэгч нянгаас сэргийлэх боломжгүй болно. Энэ асуудал дэлхий дахинаа гамшигийн хэмжээнд хүрчихлээ.
Дэлхийн ЭМБ-ын мэдээлснээр ийм замаар антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Иймээс мал эмнэлгийн антибиотикийн хэрэглээг зохистой болгож, жороор олгох журам хэрэгжихээр болсон. Гэхдээ дан ганц мал эмнэлгийн буруу хэрэглээнээс үүсч байна гэж ойлгож болохгүй. Учир нь хүмүүс ханиадны үед антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэж сурах нь чухал. Мөн мэдрэг чанараа үзүүлж, өөрийн өвчний үед тохирох антибиотикоо зөв сонгох ёстой.
-Малд хэрэглэдэг гормоны тарилгууд хүнд сөргөөр нөлөөлөх боломжтой юу?
-Гормонуудыг хэрэглэх үед төл малын өсөлтийн хурд нь энгийн амьтантай харьцуулахад 20 хүртэл хувь нэмэгддэг. Тийм болохоор малчид хэрэглээд байгаа юм. Кленбутерол зэрэг гормонуудыг махны чиглэлийн үхэрт өөхний агууламжийг багасгах, мөн тэжээлийн нэмэгдлийн найрлагад оруулан хэрэглэж байна.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малын тэжээлийн нэмэгдлийг бүртгэх журмыг боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ журмыг хэрэгжүүлснээр гадаад, дотоодод үйлдвэрлэж байгаа малын тэжээлийн найрлагад байх гормоны хэрэглээг хянах юм. Гадаад орнуудын мэдээллээс үзэхэд нялх төлийн өсөлтийг хурдасгах зорилгоор Рактопаминыг хэрэглэдэг юм билээ. Гэтэл энэ төрлийн гормон хүний зүрх, судасны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг.
Гормон хэрэглэсэн малын махыг идсэнээр түрүү булчирхай, хөхний хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг гэдгийг анхаарах ёстой. Нэг жишээ дурьдахад тахианы маханд гормон маш их хэмжээгээр агуулагддагаас болж эрэгтэй хүнд сөргөөр нөлөөлж, “эмэгтэйлэг болж байна” гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас заримыг нь малд хэрэглэх эм, бэлдмэлийн жагсаалтаас хасах ёстой.
-Малын сүүг хөөрүүлэхэд нян нь устдаг. Тэгвэл чанаж болгох үед маханд үлдсэн эдгээр эм, бэлдмэлүүд устаж алга болох уу?
-Энд л гол асуудал байгаа юм. Эмийн үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг. Ийм учраас махны экспорт дээр хориг тавьдаг гол шалтгаан нь энэ.
Хэрвээ гаднаас мэргэжлийн эксперт ирээд манайд нарийн аргаар шинжлээд үзвэл үлдэгдэл үүсгэдэг эм, бэлдмэл хэрэглэсэн малын маханд тодорхой хэмжээгээр илрэх магадлал өндөр байна.
Ер нь мал эмнэлгийн эмийн бүртгэлийг сайтар нягтлан эргэн харж зарим эмийг хэрэглээнээс хасах асуудлыг ч хэрэгжүүлэх ёстой юм. Сүүлийн жилүүдэд эмийн бүртгэлийг замбараагүй хөтлөж, тооны хойноос хөөцөлдөж, 1000 эмтэй болно гэж хөөрцөглөн, биологийн өргөн туршилт хийхгүйгээр зөвхөн эмийн чанарын үзүүлэлтээр бүртгэж байсан нь бас л нэг том алдаа болсон. Үүнийг мал эмнэлгийн ерөнхий газраас засч залруулах ажлыг эхэлсэн боловч, дорвитой үр дүнд хүрэхгүй явна. Малчид, мал бүхий иргэд органик мал аж ахуйн зарчмаар ажиллаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.
-Эмийн үлдэгдэл болон вакцины хэрэглээг хэрхэн зохицуулдаг вэ?
-Ер нь бол эмийн үлдэгдэл болоод вакцины хэрэглээний гэсэн хоёр асуудлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Аль 2017 онд эдгээр асуудлуудыг шийдвэрлэж эхлэхээр Эрүүл мэндийн болон Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайдуудын хамтарсан тушаалаар Монгол улсад нянгийн тэсвэржилтээс сэргийлэх төлөвлөгөө боловсруулаад, 2020 онд хэрэгжүүлж дуусгахаар батлагдсан юм.
Мөн эмийн үлдэгдлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулинд тусгай заалт болгон оруулж батлуулаад (2018 он) эрх зүйн орчин бий болгосон юм. Гэвч ХАА-н салбарт энэ төлөвлөгөө болон хөтөлбөрөөс өнөөдрийг хүртэл томоохон, үр дүнтэй ажлыг хийлгүй өдий хүрлээ. Тийм учраас баталгаа, нотолгоотой мэдээлэл гаргаж чадахгүй байна.
Энэ хугацаанд, Мал Эмнэлгийн Ерөнхий Газар байгуулагдаагүй (2018 он) байхад эмийн асуудал хариуцаж байсан ХХААХҮЯамны дарга, мэргэжилтнүүд нэг ч гэсэн дорвитой ажил хийгээгүй нь үнэхээр харамсалтай. ДЭМБ, Дэлхийн Мал, Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын аль аль нь ямар нэгэн халдварт өвчнөөс вакцин хийж байж сэргийлнэ гэдэг дээр тогтчихсон, дэлхий нийтээр үүнийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл вакцин хэрэглэж болохгүй, вакцинаар мөнгө олж байна гэх мэтээр сөрөг, үндэслэлгүй, нотолгоогүй мэдээлэл гаргаад байх юм.
-Тэгвэл манай улсад малын вакциныг хэт хавтайруулаад байна гэж ярьдаг, үнэн үү?
-Энэ тал дээр санал нийлнэ. Манайд вакциныг хэт хавтгайруулж, эпидемиологийн үндэслэл муутай, компаничлах байдлаар хэрэглээд тал бий. Жишээ нь Дорнод аймгийн Баянтүмэн суманд малын гоц халдварт өвчин гарлаа гэж бодъё. Тэгвэл тухайн газар нутгийн өвчлөмтгий, сэжигтэй, эсвэл халдвар авсан байх эрсдэлтэй мал, сүргийг хамруулан, голомтын, сэжигтэй болон эрүүл бүс гэж ангилаад эрүүл бүсээс эхлэн хумих тактикаар вакцин хийх ёстой.
Гэтэл манайд Баянтүмэн суманд гарсан л бол зэргэлдээ болон хил залгаа сумдын бүх малыг бүгдийг нь вакцинжуулчихдаг. Энэ нь тэр нутгийн мал, сүрэгт халдвар тархах эрсдэлгүй байхад нь шаардлагагүй арга хэмжээ авч байгаа хэрэг.
Мэдээж үүнийг дагаад хэдэн тэрбумаар хэмжигдэх зардал гарна, мөн хүнсний зориулалтын малын түүхий эдэд вакцины үлдэгдэл хуримтлагдах, улмаар малын эмчийн хяналтаас гарч аажмаар илрэх тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Харин дээр заасан хөтөлбөрийг хэрэгжүүлж эмийн үлдэгдлийн асуудлыг цэгцлэх, хэрвээ илэрч байгаа бол баталгаажуулах ажлыг хэрэгжүүлэх ёстой юм.
Тэгэхээр вакциныг хэрэглэх ёстой ч, ямар орчин нөхцөлд, хэзээ, хаана, ямар шалтгаанаар гэдэг дээр нарийн судалгааны үр дүн, үндэслэлтэйгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.
-Эдгээр эм бэлдмэл Монгол малын удмын санд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Малын удмын сан гэдэг өөрөө өргөн хүрээтэй, цогц ойлголт шүү дээ. Олон янзын шалгуур үзүүлэлтээр үнэлэх хэрэгтэй. Энд зөвхөн эмийн нөлөөг л бид ярьж болох юм. Мал эмнэлгийн байгууллага 20-иод жилийн өмнө гаднаас орж ирж байгаа болон дотооддоо үйлдвэрлэдэг эм, бэлдмэл тэр дундаа био бэлдмэлийг (вакцинууд) удаан хугацаагаар тусгай ажлын хэсэг туршиж, сорьж шалгасны дараа хэрэглэх, эсэхийг шийддэг, заавар, зөвлөмжийг нь боловсруулдаг байлаа.
Гэтэл энэ тогтолцоо 1998 оноос алдагдсан нь үнэн. Чадвартай, мэдлэгтэй, дадлагатай, мэргэшлийн боловсон хүчнүүдийг шахаж, салбарын удирдах албанд мэргэжлийн бус хүмүүсийг томилон буруу бодлогоор, буруу замаар, буруу хэрэглээгээр явж ирсэн нь мал эмнэлэгт, тэр дундаа эмийн асуудалд томоохон ухралт авч ирсэн нь даанч харамсалтай. Гэсэн хэдий ч хэн ч хариуцлага хүлээдэггүй, харин ч дэвшээд, салбар хохироод үлдэж байгаа нь бүр гайхалтай.
Ойролцоо жишээ гэвэл, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гэхэд уран (эм биш) олборлосноос болж гажиг хөгжилтэй төл гарлаа гэж нэлээн яригдсан.
Бид малын, төлийн гажиг хөгжлийн асуудлаар 21 аймгийн малын эмч, малчдыг хамруулсан түүвэр судалгаа хийлээ. Гэтэл уран олборлоогүй бусад аймгуудад ч гэсэн мал, төлийн гажиг эмгэгийн тохиолдол нилээд бүртгэгдэж байна. Эндээс харахад малын биед илрэх гаж хөгжил буюу генийн өөрчлөлт бүхий эмгэг байна гэж үзэж болно. Гэхдээ шалтгаан, эмийн нөлөө эсвэл байгаль орчны нөлөө магадгүй тухайн малын онцлогоос шалтгаалсан эсэхийг батлаж хэлэх нотолгоо хараахан алга.
-Тэгвэл малын махан дахь эмийн үлдэгдлийг ямар аргаар хянаж байгаа вэ?
-Малын эмийн үлдэгдлийг сумын мал эмнэлэг, нядалгааны газар, эсвэл мах, сүүний үйлдвэрт анхлан илрүүлэх сорилын аргууд байна. Эдгээр нь ямар нэгэн эмийн үлдэгдэл байна гэдгийг хэлээд өгнө.
Мөн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториуд, хүнсний үйлдвэрүүд тухайн үлдэгдэл үүсгэсэн эм нь ямар төрлийн, аль ангиллын, ямар эм байна гэдгийг ELISA, PCR зэрэг аргуудаар нэг бүрчлэн тодорхойлж болно. Дашрамд дурдахад, Орхон аймгийн Засаг дарга төсөв гарган, малын их эмч н.Уртнаст энэ чиглэлээр ажиллаж, туршлагажиж байгаа сайхан жишээ бий.
Энэ чиглэлийн шинжилгээ манай УМЭАЦ-ийн Төв Лабораторид хийгдэж эхлэсэн. Мал эмнэлгийн ерөнхий газраас “Мал эмнэлгийн эргэн мэдээлэх, мөшгин тандах цахим систем”-ийг 2019 оноос нэвтрүүлж, маш амжилттай хэрэгжиж байна.
Ингэснээр малын мах эмийн үлдэгдэлгүйгээр иргэдэд очих боломж бүрдэнэ. Орчин үед технологиор мөшгөөд хаанаас, хэний, ямар малд, эсвэл малын ямар түүхий эдэд ямар эмийн үлдэгдэл илрэв гээд олчихдог болсон учраас малчин илүү хариуцлагатай байх шаардлага тулж байна
-Та саяхан Хятадад болсон томоохон үзэсгэлэнд оролцож, гэрээ байгуулаад ирсэн гэсэн. Олзуурхмаар зүйл нь юу байна?
-Хөх хотод гэхэд органик аж ахуйн чиглэлийн томоохон шинжлэх ухаан, технологийн парктай. Тэнд тариалж буй ургамал, ногоог ямар ч бордоо хэрэглэхгүйгээр ургуулдаг. Хонь малдаа ч химийн гаралтай эм, бэлдмэл огт хэрэглэхгүйгээр үржүүлдэг юм байна. Манай улс органик хүнсний тухай хууль тогтоомжоо баталчихсан.
Угаасаа ч органик гэдэг нь бидний хувьд шинээр бүтээх ажил биш шүү дээ. Гол нь зохион байгуулалтад оруулах л асуудал бий.
Жишээ нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт нэг үүлдрийн гэхэд тусгайлсан органик бүс гээд хонио элдэв химийн гаралтай эм тарианаас татгалзаад өсгөх боломж бүрэн байна. Үүнийг салбарын яам төдийгүй бусад яамд ч анхаарч, хамтраад органик чиглэлээр гарсан бодлогоо хэрэгжүүлж болно. Мөн түүнээс гарч байгаа органик түүхий эдийг олон улсын зах зээлд нийлүүлмээр байгаа юм. Зөвхөн Монгол Улсын төдийгүй хоёр хөршийнхөө хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн, түүнд тохирсон технологийг гаргаж авахад анхаарах цаг нь болсон. Бид аль болох л өөрийн түүхий эдээ боловсруулах ёстой. Гэхдээ боловсруулах гэхээр нүсэр том үйлдвэрийг бодолгүй, аль болох хамтрах, кластер маягаар ажиллаж, үйл ажиллагаагаа нэгтгэх нь зах зээлд гарах боломж гэж харж байна.
Бидний хувьд, Өвөр монголын ХААИС, түүний дэргэдэх “Хишиг арвин” компани болон өөрсдийн байгуулсан “Гарааны рецептор” ХХК-ний хамтын ажиллагааны хүрээнд махны үхэр үржүүлэх, тэдгээрээс органик технологид суурилсан байгалийн цэвэр түүхий эд бэлтгэх, боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж эхлүүлсэн.
Одоогоор Монгол үхэр, хонины элэгнээс L-carnitn ялган авч, эмийн бэлдмэлийн технологи боловсруулан эмчилгээний практикт нэвтрүүлэх чиглэлээр 2 улсын эрдэмтдийн хамтарсан багийн боловсруулсан төслийг хэрэгжүүлж эхлэхээр тохиролцон, гэрээ байгуулж, холбогдох газруудад саналаа хүргүүлээд байна.
Сэтгэгдэл бичих (42)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.95.173] ・ 2021.07.18 Хариулах
Нутгийн иргэдэд ураны анхан шатны мэдлэг олгож бага оврын станц барьвал
Зочин [202.9.40.111] ・ 2021.07.08 Хариулах
Малаа элдэв төрлийн эм тариагаар тарьж хэрэглэснээр мах маань хортой болоод байгаа ойлгомжтой болсон гол нь түүний үлдэгдлийг үнэн зөв тодорхойлох лабораторийн хүчин чадал мэрэгжилтэний чадвараас гадна хир зэрэг хүртээмжтэй шинжилж байгаа эсэх нь тодорхойгүй л байна гэдэгт маш их эмзэглэж байгаа.
Зочин [202.55.188.83] ・ 2021.07.08 Хариулах
сүүлийн үёд эх орондоо цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж чадахаа байлаа тарианы мах хятад бордооны ногоо үүндээр тодорхой арга хэмжээ авахгүй бол хэлмэгдсэн омгийхон боллоо ядахад дээр нь хятад вакцин хийлгээд хэлэх ч үг алга
Зочин [192.82.86.59] ・ 2021.05.20 Хариулах
Yoo yanaa yamar aimaar yum be?
Зочин [192.82.86.59] ・ 2021.05.20 Хариулах
Gomdoltoi bna dhuu iim uls oron haana vh bhgui ene unetei mah chini emtri hor bdag yumuu? deer ye dhig mahaa angilaad unin zuruugeer l zarmasr yum shig muuhai yum be?
Зочин [64.119.16.191] ・ 2021.05.16 Хариулах
Малын эмч нар ялангуяа мал эмнэлэгийн хүрээлэнгийн хэсэг эрдэмтэд Ивомик нэртэй тарилга их хэмжээгээр үйлдвэрлэдэг.нэг талаасаа сайн боловч нөгөө талаасаа эм тариаг манайх шиг хяналтгүй хэрэглэдэг дураараа хүмүүс их хэмжээгээр малдаа шахдаг.энэ нь эргээд монголчуудыг элэгний өвчнөөр өвчлүүлэх нэг шалтгаан болсон.зартм нь эм зарж хөлжсөн.одоо ч бас тийм бгаа
Зочин [64.119.16.191] ・ 2021.05.16 Хариулах
Zochin
Зочин [202.9.46.192] ・ 2021.05.15 Хариулах
малын эм тариа зардаг газрыг хяналтанд аваачээ, нарантуул захын урд малын эмийн дэлгүүр гэхүү аптек гэхүү зөндөө харагддаг.
Зочин [192.82.76.158] ・ 2020.09.23 Хариулах
Төрөөс зохицуулалт хийж, хориглох, арга хэмжээ авахгүй л бол малчид өөрсдөө ч мэдэхгүй яваа байх шүү. Зарим сэргэлэн нь өөрийнхөө идэх малыг тарихгүй үлдээдэг гэдэг ч ихэнхи малчид малаа гэхийн оронд өвдвөл тарьчихаад, үхвэл зарчихаад, өөрсдөө тв үзэж, утсаа ухаж, хотынхноос өөрцгүй болсон. Отор хийнэ гэж бахйгүй, нэг хонхортоо хэвтсээр, ойр хавьд нь тариа ногоо тарьвал талбайд нь малаа оруулж идүүлчихээд л хэвтэж байна. Бүгд биш ч гэсэн 80% нь ийм болсон. Өвчтэй малын хортой махаа идээд өвдөж байгаа монгол үндэстэн хэр удаан тэсэх вэ???
Зочин [202.126.90.56] ・ 2021.05.19 Хариулах
Хордсон малын мах сүүнээс болоод удахгүй монголчууд бүгдээрээ хорт хавдраар үхнэ. Хувиа бодсон бусдышаа хорлосон шуналын бузар болсон монголчууд бид өөрсдөө амиа хорлоцгоож байна даа.
Зочин [202.21.124.132] ・ 2020.04.23 Хариулах
хараад мэдэх ямар ч боломж байхгүй, шинжилгээрээр л мэддэг
Зочин [66.181.161.73] ・ 2020.04.21 Хариулах
Нийтлэлээс хэрэглэгчид маханд эм,химийн бодисын тул гэр өндөр бгааг яаж мэдэж вэ гэдэг асуултын хариуг хайгаад олсонгүй.Мөн үүнийг таслан зогсоох арга замыг ер дурдсангүй .
Зочин [103.229.120.35] ・ 2020.04.15 Хариулах
Нээрээ л малчид нэг мал доголсон ч ивомек; малын сүүл өтсөн ч ивомек хийж байгаа харагддаг шүү. Хуучны малчид доголон малдаа чиг бариад боочихдог; өтсөн малаа мод зорж байгаад өтийг нь унагаагаад дүст ч билүү хийчихдэг байсан шүү. Малчид маань их залхуу юмыг амарчилдаг болж дээ. Морио сургаж уналгандаа хэрэглэхгүй хужаа мотоцикль унаж эрэмдэг зэрэмдэг болж зарим нь амь насаа алдаж байна. Уламжлалт Малч ухаан; малч арга барил их алдагдаж байна даа.
Зочин [66.181.161.4] ・ 2020.04.15 Хариулах
Малын вакцин бизнес болчоод хараа хяналтгүй эмийн санд шахдаг малчид нь сайн гэж ойлгоод бүх малдаа таридаг үүнийг хаана хаанаа шалгадаг байх хэрэгтэй. Малчдад өнөө маргаашийн ашиг олох биш ард түмэндээ ийм хор уршигтай юм байна гэдгийг Малчин ТВ-р байнга суртчилж яриа таниулага хийлгэмээр юм харьяалалын байгуулагууд нь ...
Зочин [192.82.71.128] ・ 2020.04.15 Хариулах
Хаанаас хоргүй мах авахтухай зөвлөнөүү аль аймаг суманд байна даа
Зочин [103.229.122.127] ・ 2020.04.14 Хариулах
Малын эм тариаг хяналттай болгооч ээ
Зочин [202.9.40.33] ・ 2020.04.14 Хариулах
Ih l surtei wmyaritsgaah wm, medeed baisan wm bol wm hiigeets ter irgenii niigmiinheniig yrialaad temtseets, irgedeehamgaslaach, jiriin irgen bid yaj medehiin
Зочин [203.91.115.46] ・ 2020.04.14 Хариулах
Medeed zuger suuhaar uneheer mundag yum bol temtsej bolno shd
Зочин [66.181.161.54] ・ 2020.04.13 Хариулах
Zarim demjmeer zvil bna a ter zergeldee aimagt garsan uwchind nuguu aimgiin maliig bvgdiig ni tarih bol buruuu aan malchidiig yuch medhgvi iwomek gedeg tariag biy ni muudsan haluursan maldaa hiigeed margaas ni iddeg zardag gej dongsoj bhiin dendvv doromjilj bnuu daa mediishdee nuguu jor vzsen lamaas zowlon vzsen chawgants gdegdee
Зочин [192.82.76.205] ・ 2020.04.13 Хариулах
Mundag meddeg bh ni cain zuil bish . Medseer bj olon jil humuus huuhduud ideedl hordoodl baihuu . Etssee hurtel horiglok zogsooh hyanalt shalgaltaa bolovsrongui bolgoh . Arga hemjee avahgvi yu
Зочин [203.91.119.42] ・ 2020.04.13 Хариулах
Ene xvn sain mundag xvn bna lee salbartaa yaltachgui terguund bichigdex xvn yum bna lee shv
Зочин [192.82.77.183] ・ 2020.04.13 Хариулах
Yanaa tegeed odoo yu idej uuh bolj bnaa tamini eee
Зочин [66.181.161.29] ・ 2020.04.13 Хариулах
мах нэг л сонин амттай байгаад байдаг болцон чинь тариа л юм бна л даа
Зочин [203.91.115.53] ・ 2020.04.13 Хариулах
Малд хийдэг тариа эмийг хурдан хууль гаргаж зохицуулахгүй бол энэ хортой мах сүүг хэрэглэснээс болж хорт хавдар маш их болж бна
Зочин [64.119.26.48] ・ 2020.04.13 Хариулах
Энэ тухай малын эмч Ц. Өлзийтогтох байнга бичиж сануулдаг. Тэр хүний бичсэнг уншаад төр засаг яагаад арга хэмжээ авдаггүй юм бол гэж боддог. Эрдэмтэдийн үгийг сайн сонсмоор байх юм. Ялангуяа шийдьэр гаргагч нар. Ард иргэд хордоод хорт хавдар өвчнөөр өвчлөөд байгаа нь энэнтэй шууд холбоотой .
Зочин [66.181.161.3] ・ 2020.04.13 Хариулах
Малчид, өөрсдийнхөө идэх малаа үлдээгээд бусдыг нь ямар нэгэн тариагаар тарьдаг гэсэн үнэн үү?
Зочин [202.9.46.221] ・ 2020.04.13 Хариулах
Одоо болтол ингээд явуулаад байдаг нь ямар учиртай юм. Арга хэмжээгээ эртнээс авахгүй яасийн.
Зочин [66.181.160.26] ・ 2020.03.05 Хариулах
tegeed yagaad maliin iin aptekuudaa hyanadaggvi yum be ene asuudaliig uchnuun olon jil yarij bga hernee mal iin emiin sangiin zuwshuuruliig zah zambaraagvi ugdug huduu aj ahuin yam mergejiliin hyanaltiin gazaruud mongol hvnii ervvl mended notstoi ayul uchiruulj bna asuudlaa shiidej ug
Зочин [82.99.137.206] ・ 2020.01.21 Хариулах
heregtei hereggiu emiin baigaagaa zogsoobol sariin Ganbold oo, Mongoliin mal vaccintei vaccingiu olon zuun jil udamshlaaraa hen ni saijirch irsen youm. boo shig setertei ta nar shunaltai hotlogdon, vaccin bolon em shahahaar jiliin amand mach gurilaas oor heregleegui humuus hort havar tusam baina.
Зочин [139.5.218.127] ・ 2020.01.21 Хариулах
Ивомек тариа хийсэн малыг хэд хоногийн дараа хүнсэнд хэрэглэх вэ
Зочин [66.181.160.26] ・ 2020.03.05 Хариулах
biees bvren gadagshilah hugatsaa 60honog
Зочин [103.212.117.115] ・ 2020.01.21 Хариулах
Үнэн зүйл бичсэн байна. Хүн бүрийн санааг зовоосон асуудал юм. Эм, бэлдмэлийн замбараагүй хэрэглээг багасгах хэрэгтэй.
Зочин [103.229.121.54] ・ 2020.01.20 Хариулах
Mahaa yaj medej avah ve zarim mah nogoon ch yum shig sudaltai bsn ter lysn gesn uguu nuden barimjaagaar yaj medehuu
Зочин [66.181.164.222] ・ 2020.01.20 Хариулах
Маш зөв юм ярьж байна малчид болон холбогдох хүмүүстээ яаж хүрч хүн ардаа аврах вэ энэ л чухал асуудал үлдэж байна Риад мэдээд байгаа хирнээ хэрэгжихгүй байсаар цөөн монголчууд хэцүүдлээ. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах зүйл ш дээ.
Зочин [203.91.115.47] ・ 2020.01.19 Хариулах
Хүн айлгах зүйл асуусаар байгаад дуусгах юм. Яаж танихыг асуучихаж чаддаггүй юм уу
Зочин [66.181.161.25] ・ 2020.01.19 Хариулах
хэрэгтэй хэрэггүй эмийн наймаагаа хуулиар хориод ѳгѳѳчээ байхгүй бол малчид хийгээд байхгүй шүү байгаад байгаа болхоор хийгээд байгааг ойлгохгүй б.а уу
Зочин [66.181.161.83] ・ 2020.01.19 Хариулах
Маш зөв зүйлс ярьж байна. Үндэсний бодлогын хэмжээнл ярих асуудал. Хүрэлсүх донгио нь сонгуулиас өөр юм бодохоо байчихсан явж байгаа даа.
Санал болгох
1 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
2 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
3 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
4 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
5 Голомт банк Монгол Улсын топ-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ
Холбоотой мэдээ
Нийгэм
Ц.Оюунсүрэн: Хавдар үүсэхэд хувь хүний генетик хүчин зүйлс, удамшлын онцлог, дархлааны систем ихээхэн нөлөөтэй байдаг
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2022
Нийгэм
Малын угаалгын ажил орон даяар үргэлжилж байна
peak.mn ・ 08 сарын 13, 2018
Нийгэм
4 сая 966.4 мянган мал төллөжээ
Б.Баясгалан ・ 03 сарын 31, 2019
Нийгэм
Монгол адууны давтагдашгүй генийн санг хадгална
Х.Оргил ・ 03 сарын 27, 2019
Нийгэм
Малын хорогдлоороо Увс, Ховд аймаг толгой цохиж байна
Х.Оргил ・ 03 сарын 26, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.