Авлигатай тэмцэх газраас зарласан төрийн өндөр албан тушаалтнуудын  2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг гараад буй. Энэ удаа төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогыг танилцуулж байна.


ДАНСАНДАА ХАМГИЙН ИХ МӨНГӨТЭЙ, ХАМГИЙН ОЛОН УНААТАЙ НЬ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дансандаа 1 тэрбум 756 сая төгрөгийн хадгаламжтай буюу хамгийн их мөнгөтэй албан тушаалтнуудыг сүүлийн 4 жил тэргүүлж ирсэн билээ. Тэрбээр энэ удаа хадгаламжгүй хэмээн мэдүүлсэн байна. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад 1 тэрбум 694 сая 288 мянган төгрөгтэй гэжээ.

Хадгаламжгүй болсон ч түүний байрны тоо болон эзэмшдэг хувьцааны тоо өсөөгүй.

Өнгөрсөн жилтэй харьцуулбал Ерөнхий сайдын жилийн орлого нь 25 орчим сая төгрөг буюу 160 сая 797 мянга болж өссөн байна. Харин тэрбээр гэр бүлийн гишүүдийн орлогогүй хэмээн мэдүүлжээ.

1,5 га ашиглах эзэмшлийн газартай.

Тэрбээр төрийн гурван өндөрлөгөөс хамгийн олон унаатай нь бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар хөл дүүжлэх ганц унаа нь 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Ниссан Муранотой бол Ерөнхийлөгч Х.Баттулга  280 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 машинтай гэжээ. Харин Ерөнхий сайд Mercedes Benz,ML320- 1,Harley Davidson,Harley Davidson- 1,Lexus,570-тай буюу нийт 284 сая төгрөг хэмээжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон сууц, зуслангийн байшингийн үнэлгээ нь 192 сая төгрөг.


ХАМГИЙН БАГА ХӨРӨНГӨТЭЙ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил ердөө 3 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн бол энэ жил данс улайсан буюу ямар ч хадгаламжгүй хэмээн мэдүүлжээ. Харин дансандаа 39 сая 670 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байна. Жилийн орлого нь 40 сая 906  мянга аж.

35 сая төгрөгийн үнэт эдлэлийн үнийн дүнгээрээ ч эрхэм ерөнхийлөгч маань төрийн гурван өндөрлөгөөс хамгийн бага дүнтэй нь. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ерөнхийлөгчөөс бараг 4 дахин их буюу 130 сая төгрөгийн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.

Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн мөнгөн дүн бага боловч харин эзэмшдэг хувьцааныхаа тоогоор толгой цохино. Тэрбээр Баялгийн хувь ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Өүпэнспейс ХХК, Женко тур бюро ХК, Мах-Импэкс ХК, Баян-Исгрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наран баянбүрд хоршоо Хоршоо, Эрдэнэс таван толгой Бусад, Түмэнхишигтэн ХХК, Ардчилал сонин зэрэг газрын хувьцааг эзэмшдэг, өмчлөх 384м2 га газартай.

Ерөнхийлөгчийн орон сууц, зуслангийн байшингийн үнэлгээ нь 912 сая төгрөг.


УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ГАДААДАД ДАНСТАЙ

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголиан силикон валлей" ХХК-ийн 30 хувь буюу 33000ш хувьцаа эзэмшдэг юм байна.

Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн болж байхдаа дансандаа 172 сая төгрөгийн хадгаламжтай байсан ч буурсаар дансаа улайлгажээ. Ямар ч хадгаламжгүй гэсэн үг.

УИХ-ын дарга Г.Занданшатар харилцах дансандаа 126 сая 386 мянган төгрөгтэй, гадаадын банк, санхүүгийн байгууллагад 13 сая 391 мянган төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр нэг орон сууц, нэг машинтай.

Түүний жилийн орлого 94 сая 352 юм байна. Өөрийн нэр дээр газаргүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэг орон сууц, үйлчилгээний зориулалтын газар нэгийг эзэмшдэг. Нийт үнэлгээ нь 722 сая төгрөг.