Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээв.

Яруу найрагч энэхүү алдарт бүтээлээ цэрэгт явахынхөө өмнө бичиж байжээ.


Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ.

Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ.

Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ

Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ

Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ

Энгүй өргөн тал нь оюун эрдэнэ

Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ

Эгэлхэн бүсгүйн гоёл сувд эрдэнэ

Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ

Эх орон та минь, есөн эрдэнэ


1.

Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн

Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ

Энгүй єргєн талын шимт хөрсөнд төлжиж

Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ

Энэ сайхан монголын удам залгасан бvл

Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ

Энэрэлт тбрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан

Эрдэнийн соёмбо үсэг элэгдэшгvй алтан билээ

Асар гэгээн нар нь алтан

Ачит төрийн сүлд нь алтан,

Арвайн түмэн түрүү нь алтан

Амраг хосын дурсгал нь алтан,

Миний эх орон алтан эрдэнийн билээ.


2.

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал

Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв

Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн

Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв.

Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан,

Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв.

Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол

Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв.

Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,

Ээжийн цацлын халбага нь мөнгөн,

Сар наадсан ус нь мөнгөн,

Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,

Миний эх орон мөнгөн, билээ


3.

Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын

Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ

Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт

Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ

Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь

Унь нь тооно бүхлээрээ шүр адил туяаран билээ

Уул усны савд уран бие найгуулсан

Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ

Хурын улаан цэцэг нь шүрэн,

Хувьсгалын улаан туг нь шүрэн,

Хурц улаан гал нь шүрэн,

Хорол улаан  тооно нь шүрэн,

Миний эх орон шүр эрдэнийн билээ


4.

Өргөн  талын элгэнд чандманланхан буусан

Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна

Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын

Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна

Өлзийт ерөө билэгдэж, өнөр буурал эхийн

Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна

Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд

Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна

Хайрын цагаан сүү нь танан,

Ханат цагаан гэр нь танан,

Хангайн цагаан оргил нь танан,

Хашийн цагаан орд нь танан,

Миний эх орон тана эрдэнийн билээ.


5.

Yүлгvй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж

Өвч түгсэн одод сувд адил гялалзсан

Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн

Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна

Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан

Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна

Yр буяны «тэнгэр» саальчин монгол хүүхний

Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна

Хөх тэнгэрийн нь одод сувдан,

Хөдөө талын нь сүрэг сувдан,

Энх үүрийн нь шүүдэр сувдан,

Эгэл саальчны нь гоёл сувдан,

Миний эх орон сувд эрдэнийн билээ.


6.

Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал

Энгvй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа

Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл

Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа

Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал

Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа.

Энхийн их ордны ган нуруу холбож

Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа.

Саалийн хувингийн бүс нь зэс,

Сайн гагнуурын оч нь зэс,

Онгон үүрийн туяа нь зэс,

Оройн үүлсийн хаяа нь зэс,

Миний эх орон зэс эрдэнийн билээ.


7.

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал

Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв

Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал

Урьхан намрын ганга нь оюу ногоон байв

Уран бидэр татах нуураа хөвєөлөн алхвал

Усны цээлд замаг нь оюу ногоон байв

Унаган хүлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал

Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв

Усны зөөлөн замаг нь оюу,

Угалз ширээлсэн гөлөм ч оюу,

Урьхан намрын ганга нь оюу,

Уулсын сайхан гацуур нь оюу,

Миний эх орон оюу эрдэнийн билээ.


8.

Хүү минь заяанд эхийн сүү шиг ариухан,

Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм.

Хүлэг морин гvйх хаврын налгар єдєр,

Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм

Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл

Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм

Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо

Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм

Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,

Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,

Эхний цэнхэр цэцэг нь номин,

Энхийн цэнхэр хадаг нь номин,

Миний эх орон номин эрдэнийн билээ.


9.

Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад

Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ

Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа

Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ

Эх сайхан орныхоо дархан хилийн харуул

Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ

Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн

Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ

Уран хазаарын амгай нь ган,

Урсгал гэрлийн утас нь ган,

Эр цэргийн нь зэвсэг ган,

Эрхт ардын нь эв ган,

Миний эх орон ган эрдэнийн билээ.

Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг

Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ.

Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж

Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ.

Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм тєгс

Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ.

Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч

Миний ард түмний есөн хүсэл бүтэх билээ.