МОСКВА. /RIA Novosti/. Турк улс Сиритэй хил залгаа оршдог Акчакала муж руугаа цэргийн техник болон цэрэг нэмж илгээж байна гэж "Bloomberg" агентлаг Туркийн төрийн мэдлийн “TRT” сувгийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Ефрат мөрнөөс зүүн зүгт Сирийн хойд нутагт ажиллагаа явуулах шийдвэрийг “өнөөдөр эсвэл маргааш” гаргаж магадгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг бямба гарагт мэдэгдсэний дараахан цэргийн ангиудыг илгээж эхэлсэн байна. Эрдоганы хэлснээр, уг ажиллагааны зорилго нь Сирийн хил орчмын нутгуудыг Сирийн Курдын өөрийгөө хамгаалах хүчнээс цэвэрлэж, аюулгүйн бүс байгуулах юм.  

Турк, Америкийн төлөөлөгчид Сирийн хойд нутагт аюулгүйн бүс байгуулах асуудлыг наймдугаар сарын 8-нд Анкарад хэлэлцжээ. Тухайн үед талууд хамтарсан ажиллагаа явуулахад ашиглах зохицуулалтын төв байгуулахаар тохиролцсон байна. Гэвч үүний дараа Эрдоган мэдэгдэл хийж, хэрэв АНУ аюулгүйн бүс байгуулах ажлыг удаашруулбал Анкара Сирийн хойд нутгийг хяналтдаа авсан курдуудын эсрэг ажиллагаа явуулна гэжээ.

Сирийн эрх баригчид Турк-Америкийн хэлэлцээрийг эрс эсэргүүцсэн байна. Уг гэрээ нь Сирийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, олон улсын хууль, эрх зүйн зарчмыг зөрчиж байна гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг