Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. 

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  Монгол Улсын  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төв, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Хүмүүнлэгийн ба умардын цөөн тоот үндэстний судалгааны  хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа юм  байна. 

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон  Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төвөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний  энэхүү хурал  энэ удаад  зохион байгуулагчид ба оролцогчдын  хувьд илүү өргөн цар хүрээтэй  болж, XVII-XX  зууны Монголын түүхийн талаар судалгаа хийдэг тэргүүлэх эрдэмтэд оролцож судалгааныхаа  сүүлийн үеийн ололтыг танилцуулж буйгаараа онцлог юм байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ, БНХАУ, Япон улсын 50 шахам судлаачид оролцож байна. Энэ үеэр  “Академич Ш.Нацагдорж ба Монголын түүхийн судалгаа” болон  Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн амьдрал, үйл ажиллагаа,  үзэл баримтлал, Монголын дундад зууны ба орчин үеийн түүх, сурвалж судлал, түүх бичлэг, намтар судлал, төр эрх зүйн асуудлаархи судалгаа, уран зохиол, тайз дэлгэцийн бүтээлүүд, Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд  оруулсан  хувь нэмэр, эзлэх байр суурийг үнэлж дүгнэсэн 17 илтгэлийг хэлэлцүүлнэ. Мөн  “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл”,  XVII-XIX зууны Евроази, Чин гүрний  Монголын талаар баримталсан бодлого, засаг захиргаа, хууль цааз, Монголын нийгмийн бүтэц бүрэлдэхүүн, шашин, эдийн засаг, өртөө харилцаа, Монголын язгууртан, тайж нарын угсаа гарал, өмч хувь,  Оросын  эзэнт улс ба  Чин гүрнээс  харьяа  нутаг оронд явуулсан бодлого, үйл ажиллагааг харьцуулсан,Монголынэзэнтгүрнийсоёлынзаримасуудлыгхөндсөн,сурвалж  эх  бичгүүдийг задлан шинжилсэн 32 илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ. 

XX зууны Монголын нэрт эрдэмтэн, Монголын түүхчдийн эцэг, багш хэмээн хүндлэгдсэн Ш.Нацагдорж нь гурван үеийн сэхээтэн гаралтай их бичгийн хүн байв. Түүний Монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүд нь эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдсэн үе үеийн түүхчдийн ширээний ном болж чадсан юм. Академич Ш.Нацагдоржийн бүтээлүүд нь орос, герман, англи, хятад, франц, япон хэлээр нийтлэгдсэн байна. Монголын түүхийн шинжлэх ухаанд дорвитой бүтээлүүдээрээ бусдаас ялгарч байдаг нэрт эрдэмтний бичсэн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зохиолоор нь уншигчид андахгүй. “Монгол Улсын түүх” /гурван боть/, “Халхын түүх”, “Чингис хааны цадиг” болон “Хубилай цэцэн” зэрэг ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь түүх бичлэгт хүндтэй байр суурь эзэлдэг юм.