Хүмүүсийг болзуулах зорилготой Plenty of Fish аппликейшнаас 2014 онд хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулжээ. Ингэхэд ганц бие хүмүүсийн 36.4 хувь нь болзоонд гарахаасаа өмнө, 48.9 хувь нь болзоэ байхдаа 2-3 хундага хатуу дарс татдаг гэж хариулсан байна. 

Мөн судалгаанаас эрчүүдийн 19.1, бүсгүйчүүдийн 16.8 хувь нь анхны болзооныхоо үеэр согтсон болох нь тогтоогдсон аж. 

Орчин үед болзооны үеэр хатуу ундаа уух тийм ч сонин содон зүйл биш. Интернетээр танилцсан хэн нэгэнтэй анх удаа уулзахад айдас, сандрал их байдгаас хүмүүс “биеэ суллах” гэж 2-3 хундага татдаг. 

Нью-Йорк дахь сэтгэл судлаач, зохиолч Патриша О'Горман “Эмэгтэйчүүд нийгмийн хэм хэмжүүр, төгс байдлыг мэдэж авмагцаа өөрийгөө үүнтэй жишиж, дутуудвал өөртөө их, бага хэмжээгээр гутардаг. Эмэгтэйчүүд болзооны үеэр өөрийнхөөрөө байж, өөрийгөө дур булаамаар мэдрэхийг хүсдэг. Энэ нь тэдэнд уух шалтгаан болдог л доо” хэмээв. 

Бүсгүйчүүд 2-3 шотны ард гарахаараа хөгжилтэй, зоригтой болж өөрийгөө илүү дур булаам гэж боддог. Гэвч нөгөөтэйгүүр тэрхүү айдас, сандрал сэтгэлийн гүнд оршдог тул хэдий их согтууруулах ундаа уусан ч хаа нэгтээ нуугдаад, боломж нь олдохоор ил гарч ирдэг талтай гэнэ. Мэдээж огт айдасгүй болсон хойно бүсгүй согтсон байх нь мэдээж. Анхны болзоондоо согтуу сууж байх ирээдүйн харилцаанд хэр сайн нөлөөтэй бол? 

Анхны болзоо гэдэг бол таалагдсан хүнтэйгээ чин сэтгэлийн, илэн далангүй ярилцаж, бие биенээ таньж мэдэн, нүдэнд үл харагдах холбоог бий болгох учиртай. Түүнээс биш хэтрүүлж уугаад, хийсэн зүйлдээ харамсаж суухын нэр биш. 

Хоёр дахь асуудал бол буруу хүнд цаг гарздах. Хатуу дарсанд халсан хүн ямар ч хүнтэй учир зүгээ олоод ярилцчихаж чадна. Гэтэл хэтдээ таныг байгаагаар чинь хүлээж авах тэнхээтэй нэгнийг олох хэрэгтэй. Тиймээс халсан үедээ хийсэн дүгнэлт эрүүл үеийн сэтгэгдлээс ялгаатай гэдгийг санаарай. 

Хэрэв та сандрал, айдсаа намжааж чадахгүй байгаа бол өөртөө биш, болзоондоо илүү их анхаарах нь зүйтэй. “Би сэтгэлдээ юу хүсэж байгаа вэ? Тэр зүйлийг энэ хүн өгч чадах болов уу? Би өмнөх харилцаанаас юу сурсан бэ?” гэх мэтээр анхны болзоогоор олж авахыг хүссэн мэдээлэлдээ анхаар. Эсвэл “Чи ажил, амьдралын тэнцвэрээ хэрхэн хадгалдаг вэ? Хүүхэдтэй болох талаар юу гэж боддог вэ? Уур бухимдлаа яаж тайлдаг вэ?” гэх мэт илүү практик асуултууд тавьж болно. 

Үүний зорилго нь анхаарлыг өөрөөсөө холдуулан эсрэг талын хүнд хандуулж, айдас сандралаа даван туулах юм. Ингэснээр өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө тойрсон бодлын “шоронгоос” чөлөөлөгдөнө.