Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ, Ю Филм уран бүтээлийн нэгдэл хамтран "Улаан цэцэг" уран сайхны киног бүтээжээ.

Уг уран бүтээлийн зураг авалт жил гаруй үргэлжилсэн бөгөөд 200 гаруй уран бүтээлч ажилласан байна.

Гол дүрд СТА жүжигчин Г.Ундармаа тогложээ. Энэхүү уран сайхны киноны нээлт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын найманд болох аж.

С.Удвал нь монголд өрнөсөн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний томоохон төлөөлөл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, үзэл суртлын чанга хатуу дэглэмтэй үед олон эрчүүдтэй мөр зэрэгцэн нам, төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Эмэгтэйчүүдийн Хороо гэх олон нийтийн хоёр томоохон байгууллагын зэрэг амжилттай удирдан, олон жил ажилласан түүхэн эмэгтэй билээ.