Б.Номин
05 сарын 05, 2026
Эзэн Чингис хааны ач хүү Бат хааны амьдрал, хайр дурлал, байлдан дагуулалтыг харуулсан “1242 Өрнөдийн босгон дээр” түүхэн уран сайхны кино Монголын үзэгчдэд албан ёсоор хүрч эхэллээ. Тус бүтээл энэ сарын 1-нээс эхлэн MOTV.mn OTT буюу IPTV платформоор цацагдаж байна.
Монгол, АНУ, Унгар, Австралийн уран бүтээлчдийн хамтын бүтээл уг киног Унгарын найруулагч, түүхч Питэр Шоош найруулжээ. Гол дүр Бат хаанд МУСТА жүжигчин Ч.Болд тоглосон бол Ц.Цэрэнболд, П.Баттөр, Б.Барслхагва, М.Баярбат, Б.Солонго нарын жүжигчид хамтран дүр бүтээсэн байна.
Монголын талаас 36 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, каскадёр, орлон тоглогч, дизайнер, нүүр хувиргагч, түүх болон бөөгийн зөвлөхүүд ажилласан бөгөөд “Хан Монгол” циркийн морин тоглогчид, МОНГОЛ СТАНТ багийнхан оролцсон нь онцлог болжээ.
Кинонд Холливудын жүжигчин Эрик Робертс, Рэй Стивенсон нар тоглосон бөгөөд Рэй Стивенсоны хувьд энэ нь түүний сүүлчийн уран бүтээл болсон байна. Мөн олон улсын жүжигчид болох Жереми Жонс, Нейл Стюк, Дэвид Шофилд, Ласло Матрей, Майкл Айронсайд зэрэг уран бүтээлчид оролцож, Монголын түүхийг дэлхийн хэмжээнд хүргэхэд хувь нэмрээ оруулжээ.
Тус киноны Монгол талын продюсероор Монголсат Нэтворкс ХХК ажилласан бөгөөд MOTV.mn платформоор цацагдаж, дотоодын үзэгчдэд илүү өргөн хүрээнд хүрэх боломжийг нээж байна.
“1242 Өрнөдийн босгон дээр” кино ирэх долоодугаар сарын 1-нээс БНСУ-ын стриминг платформууд, наймдугаар сарын 15-наас Казахстан, Киргизстан, Узбекистаны кино театруудаар гарч, олон улсын зах зээлд хүрэхээр төлөвлөгджээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.