Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Үндэсний их баяр наадмыг тасалдуулахгүй тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Тэрээр "Үндэсний их баяр наадмаа хийх үү гэсэн асуулт олон ирж байна. Олимп өнжчихөөд байхад Үндэсний их баяр наадмаа хийхгүй байхад яадаг юм бэ гэж зарим иргэн сошиалаар бичиж байна. Гэтэл сүүлийн үед орон нутгаас "Арай үндэсний их баяр наадмаа хийхээ болих гэж байгаа юм биш биз дээ, сонгуулиа хийдэг хэрнээ ард түмний наадмыг таслах гэж байгаа юм уу" гэсэн шүүмж асар их ирж байна.

Тиймээс уг асуудлыг ярьж байна. 99 жилийн түүхэнд Монгол Улс Үндэсний их баяр наадмаа өнжсөн удаа байхгүй. Халхын голын байлдаанаар олон хүн амь үрэгдсэн үед ч, 1932 оны онд лам нарын бослого гарсан үед ч Үндэсний их баяр наадмаа хийж байсан юм билээ. 

Тиймээс өнөөдөр манай улс дотооддоо коронавируст халдварыг алдаагүй байгаа гээд сонгуулиа хийж буй юм чинь Үндэсний их баяр наадмаа хийх нь зүйтэй байх. Тасалж байгаагүй юм.

Гэхдээ өмнөх шигээ олон хүнийг бөөгнөрүүлсэн, нийтийг хамруулсан байдлаар биш, техникийн дэвшил, технологийг ашиглан цомхон байдлаар наадмаа зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээлээ.