Архангай аймгийн Өгийнуур сумын 100 гаруй иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөх бичиг илгээжээ. Тус суманд  3 сарын 2-нд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин үхэрт гарч хорио цээрийн дэглэм тогтоосон. Гэтэл хорио цээрийн дэглэм тогтоосон гэх боловч өвчин улам даамжирч газар авч одоо хонинд халдварлаад байгаа ажээ. Үүнээс болж Өгийнуур сумынхан хүнд байдалд орж олон тооны малаа алдсан байна. Гурван жил дараалан малаа алдсан эдгээр иргэд уг асуудал дээр төр засгаас анхаарал хандуулахыг хүсчээ.

Албан бичиг

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

Малчид иргэд сэтгэл санааны болон эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан энэ үед тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд болон Аймгийн удирдлагууд ирж орон нутагт болж байгаа хүндрэл бэрхшээлтэй танилцаж малчдад сэтгэл санааны дэм өгөх байх гэж горьдлого тээн мөн ч их харсан боловч харамсалтай нь үзэгдээгүй.

Өгийнуур сумын засаг дарга Л.Алтангэрэл 2018 оны 03 сарын 28-нд хувийн өргөдлөө өгч ажлаасаа чөлөөлөгдөн гадаад орон яваад сураг алдарсан.Сумын ИТХ 2018 оны 04 сарын 13-нд хуралдаж дахин засаг даргаа сонгосон боловч өнөөдрийг хүртэлзасаг даргагүй, сумын төр захиргааны байгууллага нь удирдлагагүй явж ирлээ. Хариуцах эзэнгүй хариуцлага тооцох удирдлагагүй байсны улмаас энэ өвчин өнөөдрийг хүртэл намжих нь битгий хэл газар авч тархсан гэж бид үзэж байна. Ийм эзэнгүй төрийн эмгэнэл энэ нутагт нүүрлээд удаж байна.

Одоо зэргэлдээ Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Батцэнгэл, Цэнхэр сумдад энэ өвчин гарч эхэлсэн.Энэ хавар, зундаа бороо орохгүй байгаагийн улмаас өвс ногоо ургаагүй ган болж одоогоороо мал өргүүлээсээ гарахгүй байна. Иймд малчид бид зэргэлдээ сумаар отор нүүдэл хийх, өөр аймгийн нутаг дэвсгэрт очиж отор нүүдлээр явах аргагүй болсон. Тойрсон бүх сумдад хорио цээрийн дэглэм тогтоосон учир тухайн сумдын нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрөх нь битгий хэл бензин шатахуун авах, хоол хүнсээ залгуулахаар ороход хөөж туугаад оруулахгүй болсон.

Аймаг орон нутгийн удирдлагууд өдий болтол анхаарал хандуулахгүй байгаа тул аргагүй эрхэнд танд хандахад хүрлээ.

Малчид бидний мал 3 жил дараалан малын халдварт өвчинд нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэр болсон таван малаасаа салж сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол амсаж явна.

Иймд таныг энэ суманд үүссэн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд яаралтай төрийн ажлыг царгалдуулалгүй авч явах эзэнтэй болгуулах , малын гоц халдварт өвчнийг богино хугацаанд намжаах зэрэг тулгамдсан асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлүүлж өгнө гэдэгт найдаж хүлээх үлдлээ.

Гүнээ хүндэтгэсэн Архангай аймгийн Өгийнуур сумын малчид, иргэд


/Өгийнуур сумын иргэд хөдөлмөрчид малчид нийлсэн 100 гаруй хүн утас регистрийн дугаарын хамт гарын үсгээ зуржээ/