УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын "КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл"-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Тус хэлэлцээрийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25 тэрбум буюу иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгоно. 

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгээ шимтгэл 0.1 хувь, санхжүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.

Тус мөнгийг Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж.