“Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулж, тэр үеийн БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллах анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын ажиллагаа эхэлсэн түүхтэй хэмээн тэрбээр танилцууллаа.

Тэрбээр байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын Их Хурал 30 жил” гэсэн ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд уг медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгажээ.

Байгууллага бүр ойн хүрээнд хүндэтгэлийн медаль гаргадаг, зардлыг төсвөөс гаргадаг, тодорхой шалгуургүйгээр олгодог асуудлыг цэгцлэх нь зүйтэй, Улсын Их Хурал үүн дээр жишиг үзүүлэх ёстой гэдэг саналыг гишүүд хэлж байв.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нар одон медалийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө онцгой гавьяа байгуулсан хүмүүсийг шагнах шалгуурыг бий болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 66 хувь нь“Монгол Улсын Их Хурлын 30 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Иймд “Тогтоолын төсөл буцаах тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг танилцуулав.