Б.Баясгалан
12 сарын 13, 2018
УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг нэр бүхий гишүүд шаардаад юм. Тэд өнөөдөр мэдээлэл хийж, 38 гишүүн гарын үсэг зурсан огцрохыг шаардаж буй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдсэн
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын албан ёсны сайт болох https://www.enkhboldm.mn/ дээр УИХ-ын дарга М.Энхболдын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ярилцлагын онцлох 5 ишлэлийг "УИХ-ын 75 гишүүн гарын үсэг зурсан ч УИХ-ын дарга огцрох боломжгүй. Хууль нь өөрөө ийм юм" нэртэйгээр нийтлэжээ. Үүнийг хүргэж байна.
УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болдын ярилцлагын онцлох 5 ишлэл
1. УИХ-ын даргын албан тушаал бол хэн нэгэн гишүүн буюу хэсэг гишүүд, мөн УИХ дотроосоо буюу гаднаас шаардсанаар огцорчихдог албан тушаал биш. Учир нь сүүлийн хоёр сар орчмын хугацаанд УИХ-ыг тараах, УИХ-ын даргыг огцруулах, “ажлаа өг” гэдэг шаардлагуудыг тавьсаар байна. Энэ нь анхнаасаа Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын Дэгийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Тиймээс УИХ-ын даргыг огцруулах шаардлагын дагуу шууд ажлаа өгч, огцорч болохгүй. Энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний асуудал биш. Тиймээс Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчин байж тавьсан шаардлагыг биелүүлэх боломжгүй.
2.УИХ-ын дарга өргөдлөө өгчихвөл яасан юм бэ гэсэн саналыг нам дотроо ч, зарим гишүүнд ч хэлсэн юм билээ. Яагаад болдоггүйн тухайд УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлөө өгчихвөл цаашид хууль бусаар юу ч хийж, хэнийг ч огцруулж болох юм байна гэсэн буруу жишиг тогтож, газар авах эрсдэл өндөртэй. УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэл бий. Үүнийг хуульчид, хууль тогтоогчид, иргэд сайн мэдэж байгаа. Энэ таван үндэслэлээр л огцруулна, өөрөөр ямар ч гарц байхгүй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хуульд байхгүй зургаа дахь үндэслэл буюу УИХ-ын 40 орчим гишүүн танаас огцрохыг шаардаж байна гээд байгаа юм. Хуулийн хүрээнд 40 битгий хэл 75 гишүүн гарын үсэг зураад ч огцрох боломжгүй.
3. УИХ-ын дарга асан З.Энхболд нэг ярилцлагадаа “УИХ-ын дарга гэдэг огцрох боломжгүй албан тушаал” гэж хэлж байсан. ОУПХ ч энэ талын хамгаалалтад онцгойлон анхаардаг. Энэ албан тушаалын онцлогийг харгалзаад өөрөө өргөдөл өгөх буюу Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргах, эсвэл нас барах зэрэг маш тодорхой шалтгаанаар парламентын даргыг огцруулахаар заасан байдаг.
4. УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдэг шаардлага нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн шаардлага. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн хоёрт “ Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Хэрэв УИХ-ын гишүүн Үндсэн хуулийг зөрчсөн гэх гомдол Үндсэн хуулийн Цэцэд очоод, Цэц тухайн гишүүний үйлдэл, тавьсан шаардлага Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах арга хэмжээ авдаг. Хуульчийн хувьд харахад зарим гишүүн УИХ-ын даргыг огцрох өргөдлөө өг гэж хууль бусаар шаардаад байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхүйц алхам юм. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд ч тавих ёстой асуудал.
5. УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн Цэцээс намайг Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах юм бол би ажлаа өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн. Одоогоор Цэцийн дүгнэлт гараагүй байна. Ц.Нямдорж сайд УИХ-ын даргаас огцроход хуульд засвар хийсэн гэдгээр хуулийн байгууллагаар шалгагдаж, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээ гаргаад, түүнийг нь УИХ-ын чуулганаар хэлэлцээд шийдвэрлэсэн байдаг. УИХ-ын тухай хуульд заасан УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн л нэг нь шүү дээ гэв.
Эх сурвалж: https://www.enkhboldm.mn/
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.