Peak.mn
11 сарын 04, 2019
НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын “McDonald's” компанийн гүйцэтгэх захирал, тэргүүн Стив Истербрукийг компанийн дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
“McDonald's” компанийн мэдэгдэлд дурдсанаар, 2015 оноос эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашсан С.Истербрук компанийн нэгэн ажилтантай хайр сэтгэлийн холбоо тогтоосон аж. Тус компанийн дүрэмд гүйцэтгэх захирал хэн нэгэн ажилтантай ийм харилцаа тогтоохыг хориглодог байна.
С.Истербрукийн халааг “McDonald's” компанийн Америк дахь салбарын тэргүүн Крис Кемпчински авахаар болжээ.
С.Истербрук компанийн ажилтнуудад илгээсэн цахим шуудандаа, “McDonald's” компанийн дүрмийг зөрчсөн нь алдаа байсан хэмээгээд, захирлуудын зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна хэмээн тэмдэглэжээ.
Мөн тэрбээр К.Кемпчинскиг гүйцэтгэх захирал, тэргүүний албан тушаалыг хашихад тохирсон хүн гэж бичжээ. С.Истербрукийг албан тушаалаа хаших хугацаанд “McDonald's” компанийн хувьцааны ханш хоёр дахин өссөн байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.