УИХ-ын дарга авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завшуулахгүй байх Ажлын хэсэг байгуулав

Б.Баясгалан
08 сарын 03, 2019

УИХ-ын Г.Занданшатар өнгөрсөн пүрэв гаратт Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн билээ. /Энд дарж тус албан бичгийг бүрэн эхээр нь уншина уу/

Тэгвэл өчигдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.

Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулсан байна.

Ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын даргын гаргасан захирамжийг хүргэж байна.

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.