УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн. Тус асуудлаар хэлэлцэхийг УИХ дахь АН-ын зөвлөлийн гшүүд хууль бус гэж үзэж буйгаа илэрхийлэн чуулганы хуралдааныг орхин гарсан. Харин УИХ-ын гишүүдийн олонх үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэж зарим гишүүд болон олон нийт үзэж буй бол, зарим нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийг илүү дордуулж байна гэсэн байр суурийг илэрхийлээд буй. 

Тэгвэл олон нийтийн санал бодол хуваагдмал буй тус асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр 21 аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдтэй видео хурал хийхээр болжээ.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр 13.00 цагаас 21 аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдтэй видео хурал хийнэ. Гол асуудал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно. Түүнчлэн төр-бизнес-иргэний нийгмийнхний хамтарсан Хариуцлагын зөвлөл байгуулах асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна.
Орой 21 цагаас МҮОНТ, Eagle, Монгол HD, MN-25, NTV, ETV-шууд ярилцлагад орохоор боллоо. Ярилцлагын сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх юм" хэмээн өөрийн цахим хуудаснаа  нийтлэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.