УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах  хүсэлтээ өнгөрсөн долоо  хоногт албан ёсоор ирүүлсэн билээ. Түүнийг уг хүсэлттэй УИХ дахь Ардчилсан намын  зөвлөлийн гишүүд танилцаж хариу бичгийг түүнд намын удирдлагууд гардуулан өгсөн байна.

АН-ын зөвлөлийн УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өгсөн хариу бичигт:

"УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн фэйсбүүк хуудастаа "Үнэндээ хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж буй энэ үед улс орныхоо эрх ашгийн төлөө хамтран ажиллахаар шийдэв. Эхний ээлжинд ипотекийн зээлийн хүүг буулгах талаар зөвлөлд санал оруулах болно"  хэмээн бичжээ.