Б.Баясгалан
11 сарын 21, 2019
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн юм. Өмнөх нэгдсэн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж байх үед МАН-ын бүлэг дээрх албан тушаалтнуудыг чөлөөлөх асуудлаар 5 хоногийн завсарлага авсан.
Иймд өнөөдрийн хуралдааны эхэнд "Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөглөх саналыг дэмжиж байна" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 40 гишүүний 26 нь буюу 60.5 хувь нь дэмжив.
Улмаар С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталлаа.
Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.