Үхэлд дурласан чөтгөр

 Японы утга зохиолыг төдийлөн сайн мэдэхгүй миний хувьд анх Мишима гэдэг нэрийг Баабар гуайн "Дори Идэр дүүдээ" гэдэг номоос олж мэдсэн юм. " Японы орчин үеийн уран зохиолын тасархай орой нь Юкио Мишима! Мишима бол энэ зууны нэг том гайхамшиг. Харин Нобелийн шагнал авахынхаа өмнөхөн харакири хийж үхсэн, жинхэнэ нэрийг нь Хираока Кимитакэ гэдэг энэ "галзуу" суутад хэт автвал боловсролтой болох гэсэн биш амь насгүй ч болж болно шүү" гэж бичсэнийг уншаад сониуч хорхой минь ассан юм. Энэ "галзуу" суутын зохиол бүтээлээс олж уншихсан гэж бэдэрч явтал түүний оргил бүтээл болох хамгийн их алдартай дэлхийд хамгийн олон удаа хэвлэгдэж япон утга зохиолыг төлөөлөх болсон  "Алтан сүм" роман Ц Цэнгэл гэж хүний орчуулгаар гарсан байхтай таарч олзуурхан шүүрч авсан билээ. 

Зохиолын гол дүр гэхээр л хүний сайн сайхан шинж чанаруудыг шингээсэн хүчирхэг хувь хүн гэж ээнэгшин дассан сэтгэлд минь ээрүү гацаа, сул дорой, бусдад гадуурхагдсан "эрэмдэг" амьтан ерөөсөө л "харь гариг"-ийн хүн байлаа. Эртний түүхэн дурсгалт "Алтан сүмд" шавилан суухаар  одсон тэр золгүй ээрүү нөхрийг далд бодолдоо тийм айхтар хорон санаатан байх юм гэж ерөөсөө бодоогүй тул "Алтан сүм"-ийг шатаана  гэж ёстой зүүдлээ ч үгүй бурхан минь! Ээрүү Мизогути анх үзэсгэлэн төгөлдөр Алтан сүмийг хараад "чамайг үнсэн товрог болгоно доо" гэж занадаг ч яг тэгээд шатаачих юм гэж хэн санах билээ. Зохиолын эхэнд тосгоныхоо хөөрхөн бүсгүй Уикод тачаадаж, тэр нь бүтэлгүй болсны улмаас түүнийг үхээсэй гэж хараасан нь биелдэг шүү дээ. Бодохоос л аймаар. Тэр сүмд байхдаа өөртэй нь ижил тавилантай майга Касивагитай танилцан өөрсдийг нь дорд үздэг хүмүүсээс хэрхэн өшөөгөө авах тухай хөөрөлддөг. Доромжлолыг өс хонзонгоор тайлна. Хүний дотоод талд  оволзон шуурах сэтгэл хөдлөл, бодол сэтгэхүйг ёстой л задлангийн эмч шиг ухаж төнхсөн байдаг. За ер нь этгээд гэмээр нөхдүүдийн дотоод ертөнцийг тун ч нарийн мэдэрч гаргасан байдаг шүү. Өөр ямар нэг зохиолтой зүйрлэж жиших аргагүй тийм нэг зэвүүн, сондгой гоц бүтээл бол Алтан сүм шүү миний хувьд.

Мишима багадаа бусдад гадуурхагдсан бие султай доожоогүй хүүхэд байсныхаа хариуг "Алтан сүм"-ээрээ авсан ч байж магадгүй юм.  Намтар сэлтийг нь үзвэл жинхэнэ супер, олон талын авьяастай ёстой л бурхан чөтгөрийн синтез гэмээр хүн байж. Этгээд сэтгэлгээ гэдэг суутнуудын төрөлх өгөгдөл. Мишима бол эх оронч, үндэсэрхэг үзэлтэй, самурайн уламжлалд үнэнч байснаараа япон зохиолчдоос гоц ялгарна. Түүний "Эх оронч" гэж өгүүллэгт түүний үзэл бодол тун тодорхой туссан байдаг.  Үзэл бодолдоо үнэнч үлдэж чадаагүй гэж гэмшсэн цэргийн бага дарга, залуухан эхнэрийнхээ хамт харакири хийж самурайн ёсоор нэр төртэй амиа егүүтгэдэг тухай триллер, хорор юм. 

Яг л энэ өгүүллэгт гардаг шиг хожим цэрэг армитай байхыг хориглосон Японы үндсэн хуулийг халахын төлөө бослого гаргасан Мишима үзэл бодолдоо үнэнч үлдэж самурайн ёсоор сэлмээр гэдсээ хүүлж нэр төртэй хорвоог орхисон юм. Түүний утга зохиолын нууц нэр Мишима нь "Үхэлд дурласан чөтгөр" гэх утгатай нэр аж. Үзэл бодлоосоо урвахгүй гэж амиа хорлох нь нэр төрийн хэрэг биш гэж үү. Хүний дор сөгдөж нохой шиг амьдарсанаас хутгалуулж үхсэн нь дээр гэж хэн нэг нь хэлсэн байдаг. Хүний дотор бачуурсан үед хэн нэгнийг алмаар, эсвэл амиа хорломоор тэчъяадал улангасал бий болдог. Яль шалихгүй хэрүүл маргаан, түр зуурын цочролоос болж амиа хорлох нь ухаангүй үйлдэл мөн. Харин зорилготой, бэлтгэлтэй, ёс төртэй, нэр хүндтэй амиа хорлоно гэдэг эр зоригтны жам ёс шүү. Үхэлд дурласан чөтгөр нэр авахдаа  үхлээ зөгнөсөн гэх үү, эсвэл анх хараад л "Алтан сүм"-ийг шатаана гэж занасан ээрүү Мизогути шиг эртнээс төлөвлөсөн зорилготой үйлдэл үү гэдгийг ёстой чөтгөр л мэдэх байх даа.

Холбоотой сэдвүүд

ном харуки мураками самурай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.