Үхсэн малын махыг их хэмжээгээр зарахыг завдсан иргэн МХГ-ын тамгыг хуурамчаар үйлджээ

Х.Оргил
04 сарын 10, 2019

Өчигдөр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 гаруй тонн эрүүл ахуйн шаардлага хангаагүй үхсэн үхрийн мах оруулж ирж байгаад саатуулагдсан билээ.

Уг махыг ачсан том оврын тээврийн хэрэгсэл Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх постын хяналт шалгалтаар илэрсэн юм. Уг асуудлаар Баян өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан мэдэгдэл хийлээ.


МЭДЭГДЭЛ     

Тээвэрлэсэн махтай дагалдаж яваа Мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд тус махыг Өлгий сумын иргэн Ерлан ачуулж, Улаанбаатар хотын Цансэнтианий ХХК гэх Хятад нэртэй компани хүлээж авахаар бичигдсэн байдаг. Уг гэрчилгээг малын их эмч Ж.Онгар олгож, Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, Өлгий сумын 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянан баталгаажуулсан талаар бичигдэж, тамга тэмдэг дарагдсан.

Энэхүү асуудлын талаар Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн хэрэг нээж шалгах явцад дээрх саатуулагдсан 20 гаруй тонн үхрийн махыг Өлгий сумын иргэн М, түүний эхнэр М, эхнэрийн дүү болох Х.Ерлан нар нар бэлтгэсэн нь тогтоогдлоо. 

Тэд янз бүрийн хүмүүсийн гар дээрээс гарал үүслийн гэрчилгээгүй махыг захын үнээс хямд үнээр худалдан авч цуглуулж, хадгалж байсан нь тогтоогдсон болно. Махыг Улаанбаатарын иргэн Баярхүү захиалж, нийт 60 сая төгрөгөөр 20 гаруй тонн мах бэлтгүүлсэн байна.

Ингэхдээ Мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээнд  Өлгий сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Х.Баршагүл, 13 дугаар багийн Засаг дарга К.Рысбай нар хянаж баталгаажуулаагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гарал үүслийн гэрчилгээг Ж.Онгар олгосон байна.

Уг тамга нь Мал эмнэлгийн хяналтын улсын албаны /2003 оноос өмнөх/ тэмдгийг дарж хуурамчаар үйлдсэн болох нь гэрч холбогдогч нарын мэдүүлгээр тогтоогдов.

20 гаруй тонн махыг одоогоор Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулж байгаа ба шинжилгээний дүнг үндэслээд хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ. Одоогоор Зөрчлийг шалгаж байгаа бөгөөд цаашид гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлэх болно. Жич: Иргэн “М” нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үхсэн малын махыг бэлтгэн хадгалж байсан зөрчлийг илрүүлж, махыг хураан авч, устгаж, дахин энэ төрлийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар сануулга өгч, Мэргэжлийн хяналтын газраас торгуулийн арга хэмжээ тооцож байсан болно. 

Зарим хариуцлагагүй мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн хууль бус үйлдлээс болж аймаг, тухайн аймгийн иргэд, Мэргэжлийн хяналтын байгууллага болно бусад төрийн байгууллагуудын нэр  хүндийг унагааж олон нийтэд сөрөг мэдээлэл түгээх, буруу ойлголт өгөх явдлыг таслан зогсоохыг мэдэгдье. Харин ард иргэд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, мах махан бүтээгдэхүүнийг гар дээрээс хямд үнээр худалдан авахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА. Энэ асуудлын талаар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагт холбогдох албаны хүмүүс Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргүүлэх болно.

Холбоотой сэдвүүд

баян-өлгий мхг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.