УИХ-ын чуулган өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтийн дагуу сайдын албан тушаалаас нь чөлөөллөө.

Тус чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайд У.Хүрлэсүхээс "Монголын ард түмэн УИХ, Засгийн газрын гишүүдээс эвлэлдэн нэгдэж, улс орноо хөгжүүлэхийн төлөө ажиллахыг хүсэж хүлээж байна. Та МАН-ын даргын хувьд 65 гишүүнээ удирдаж манлайлж явж чадах нь уу. Таны итгэл үнэмшил хэр байна вэ? Ядаж Засгийн газрын танхимынхаа гишүүдийг нэгтгэж чадах нь уу. Засгийн газраас оруулж ирж буй санал дээр Засгийн газрын гишүүд нь өөрсдөө өөр өөр байр суурьтай байгаа нь ажиглагдаад байна. Танай гишүүд хууль бус үйлдлүүд хийсэн гэж байна. Та эдгээрт ойрын хугацаанд ямар хариуцлага тооцох вэ" хэмээн асуулаа.

Хариуд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хоёр зүйлийг үүрэг болгосон. Нэгдүгээрт, Зээл авсан бол зээлээ хурдан төл. Хоёрдугаарт, Ард түмнээсээ уучлал гуй гэдгийг хэлсэн.

Хэрэв зээл авчихаад уучлал гуйхгүй бол тухайн гишүүнийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бид удахгүй намын бага хурлаа хийнэ. Энэ дээр өөрчлөлт, шинэчилэл, хариуцлагын асуудлыг ярина. Үүрэг хариуцлагаа ухамсарлалгүй алдаа гаргасан гишүүдэд шат шатанд нь хариуцлага хүлээлгэж ажиллана. Хэрэв би үүнийг хийж чадахгүй бол өөрөө ажлаа хүлээлгэж өгөх болно" хэмээн хэллээ.