Х.Оргил
12 сарын 21, 2020
Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.
Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа бөгөөд энэ дагуу хийж байгаа хэлэлцүүлэг юм.
Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оржээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр "Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Хоёр жилийн өмнө хийсэн багш нарын их хурлын үеэр боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх талаар ярьж, эхлүүлсэн. Хуулийн төсөлд салбарынхныхаа санаа бодлыг тусгахаар арваннэгдүгээр сарын 5-наас эхэлж санал авсан. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын үндэс болдог. Бид үүнийг улсын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар болж байна. Боловсролын тухай хуульд
Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарах ёстой. Ерөнхий сайдын хувьд эцэг хүний хувьд би өнөөдөр энэ хуралд оролцож байна. Хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх том ажил бий. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогдож байна. Нэн ялангуяа гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат "Бид дөрвөн хананы дунд хичээл сургалт явуулдаг хандлага хоцрогдож байна. Бид өнгөрсөн жилийн хугацаанд цахим, зайны сургалт зохион байгуулах боломжтойг мэдэж авлаа. Бид үндэсний онцлогоо шингээсэн дэлхийн хэмжээний боловсролыг хүртэх шинэчлэл рүү явах цаг болсон гэдгийг олон хүмүүс ярьж байна. Манай байнгын хороо гурван удаа энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Салбарын багш, эрдэмтэн та бүхэн цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал санаачилгаа хэлээрэй. Эцэг эхчүүдийн саналыг оруулаач гэсэн хүсэлт ихээр ирж байгаа боловч цар тахлын үед нэг сая орчим эцэг эхийг хэлэлцүүлэгт оролцуулах боломж байна. Бүгдээрээ ойр ойр хуулийн төсөлд гар хүрэхгүйгээр, салбарын төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцоцгооё" гэлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.19.102] ・ 2020.12.21 Хариулах
хүрэлсүх сайдын- эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг ухааныг ирээдүйн хүүхэд залуучуудад зааж сургана гэж хэлсэн үгтэй дүйцэх - сайхан зүйл хаана ч байхгүй билээ. Таньд маш их баярлаж байна. Заавал хэрэгжүүлээрэй.