Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулснаар албан ёсоор эхэллээ.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр намаасаа нийслэлд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулав.

Тэрээр энэ үеэрээ "УИХ-ын 2020 оны сонгуулиар ард түмэн маань МАН-д итгэл хүлээлгэн сонгосон. Бид 4-12 жилийн хугацаанд улс орныхоо хөгжлийг зохих түвшинд хүргэх ёстой. Дэд бүтцүүдээ хийх ёстой. Цаашлаад хувийн хэвшил, ард иргэд маань ажил, амьдралаа залгуулаад аваад явах хэмжээний хөгжилтэй, эдийн засагтай улс болгох ёстой. Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилго. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хичээн зүтгэж ажиллана. 

Ард түмэн маань улс орон маань хурдан хөгжөөсэй, айл өрх бүрийн амьдрал сайжран орлого нь нэмэгдээсэй, хүн бүр ажилтай байгаасай гэсэн ганцхан зүйлийг л хүсэж байна. Тиймээс ирж буй он жилүүдэд ард түмнийхээ энэ хүсэл, мөрөөдлийг биелүүлэхийн тулд ажил хэрэг болгон хариуцлагатай ажиллана гэдгээ би Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд хэлж байна.

Мэдээж бидэнд алдаа дутагдал бий. МАН төгс төгөлдөр улс төрийн хүчин биш. Бид алдаагаа зааж, иргэдийн шүүмжлэлийг хүлээн авч байгаа. МАН-д шинэ үе гарч ирсэн. Бид залуучуудаар намаа бэхжүүлж байгаа. Удирдах түвшинд залуучуудыг томилж байна. Бид залуу хүний хүч чадлыг сорихоор шийдсэн. Тиймээс энэ удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд олон залуусыг нэр дэвшүүлсэн. 

Ард түмэн УИХ-ын сонгуулиар бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид хариуцлагаа хүлээж ажиллана. Ард түмний энэ итгэл бидэнд бүх шатанд хэрэгтэй байна. Бид нэгдмэл цул хүч болж, хүчээ нэгтгэж байж улс орныхоо тогтвортой хөгжлийг хангана. Мөрийн хөтөлбөрөөрөө амласан амлалтаа хэрэгжүүлэх болно. Маш товчхондоо бид бүх шатанд хариуцлагаа бүрэн хүлээе. Ард түмэн бидэнд бүтэн хариуцлага үүрүүлэхийг хүсэж байна" хэмээлээ.