Л.Дэлгэрмаа
09 сарын 11, 2023
Ирэх жилийн сонгуулийн бэлтгэл болгож намууд аль хэдийнэ ажилдаа оржээ. Дахин бүтцээ зурж байгаа нь ч байна, эмэгтэйчүүдийн байгууллагын хурлуудаа хийгээд эхэлсэн нь ч байна.
Эрх баригч МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган өнгөрсөн лхагва гаригт Дорноговь аймагт эхэлжээ. Цаашлаад Төвийн бүс, Баруун бүсийн чуулганыг хийгээд 11 аймгаар ч явах төлөвлөгөөтэй байгаа дуулдсан. Сонгууль дөхсөн үед энэ бүхэн намын институтын хувьд хийх ёстой ажил байх. Үүнтэй холбоотой олныг нурших гэсэнгүй харин энэ хурал дээр болсон үйл явц бидний дунд бат нот суусан нэгэн ойлголтыг харуулж өглөө.
Хурлын хоёр дахь өдөр буюу пүрэв гаригт хурлын үйл ажиллагаанд үг хэлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БХБ-ын сайд Ж.Ганбаатар тэргүүтэй албанынхан хурал дээр ирж, Ерөнхий сайд үг хэлсэн байгаа юм. Ерөнхий сайд 7 орчим минут үг хэлээд сандал дээр сууж нэг минут орчим болоод гарч явсан бөгөөд дагалдагч эрэгтэй дарга нар ч дагаад гарчээ. Жендэрийн тэгш байдлыг хангах гэж хийж байгаа дэвшилтэт үзэл санааг нь хүлээн зөвшөөрнө өө, Л.Оюун-Эрдэнийн. Саяхан бас жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэж мэдэгдсэн нь өмнөх дарга нараас өөр байгаагаа харуулсан.
Гэхдээ чуулганы үйл ажиллагааны хэсэгхнийг буулгасан гэрэл зургаас олон зүйлийг уншиж болохоор харагдаж байна.
Эмэгтэйчүүдийн чуулганы эхний эгнээнд зассан 10 сандлын ес дээр нь эрчүүд сууж, эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувьд Х.Булгантуяа эрхбиш нэг тэрхүү эгнээнд багтжээ. Тэгээд Ерөнхий сайд тэргүүтэй эрчүүд гарч явахад Х.Булгантуяа сайд гар барьж үдээд, ганцаараа торойгоод үлдсэн нь хальсанд үлджээ.
Энгийнээр харахад улс төрийн намуудын албан арга хэмжээ явж ирсэн тэр зарчмаараа явсан байх. Эргэцүүлээд харвал олон зүйл харагдаж байна аа.
Уг нь эрчүүд нь тэргүүлэн суудаг дүр зураг дэлхий хаанахын ч хурал цуглаан дээр харагдахаа болиод удаж байна. Харин манайд суудал ингэж таарсан нь харамсалтай.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон улсын чуулганы үеэр “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах улс төрийн намын амлалт”-д улс төрийн арван нам нэгдэж амлалтаа өгч, гарын үсгээ зурсан. МАН, АН, ХҮН-аас эхлээд улс төрийн нам хүчнүүд хариуцлагатайгаар ам өгч, амлалтаа баталгаажуулсан. Уг амлалтад намын бодлого, дүрэм журам, хөтөлбөрийг жендэрийн хариуцлагатайгаар шинэчлэн хэрэгжүүлж, ил тод болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлэн, намын шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх тухай заасан байгаа.
Зүүн болон говийн бүсийн чуулганы энэхүү зураг, саяхан намын дэд дарга нараа баталсан АН-ын шийдвэрүүдээс харахад манай улс төрийн намууд амалсан амлалтаа мартчихсан яваа биш байгаа гэсэн бодол төрүүлж байна. Улстөрчид, төрийн өндөр албанд суугаа хэн боловч ер нь ямар ч хүн хаана, хэний ч өмнө амласан бол хэлсэндээ хүрдэг байх ёстой. Амлалтыг биелүүлнэ ээ гэж амалдаг болохоос цаасан дээр үлдээх төдийд байлгахаар ёсчилдоггүй шүү. Амлалт өгч, гарын үсэг зурсан улстөрчид намдаа хийж эхлэх өөрчлөлтөө хүртэл хийхгүй бол иргэд сонгогчид тэдэнд итгэх болов уу. Одоогийн байдлаар улс төрийн намуудын дотор болж байгаа үйл явдлаас энэ амлалтаа санаж байгаа нь цөөхөн нь харагдаад байна даа.
Э.ЭРЭЛ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.