МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу Пүрэв гарагт болно. Өнөөдөр тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан ёсоор өргөдлөө өгч байна .

Энэ удаагийн (НАМЭХ)-ны ерөнхийлөгчийн сунгаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Сөүл”-ийн Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нарын нэр дуулдаж буй.

Салбартаа өөрсдийн албаа амжилттай гүйцэтгэж яваа эдгээр бүсгүйчүүдээс нам дотроо рейтинг өндөртэй яваа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар юм. Тэдний нэг нь уг албанд сонгогдох магадлалтайг намын бүсгүйчүүд онцлов.

Тэр дундаа энэ удаагийн Засгийн газрын кабинетын хамгийн залуу дэд сайд, МАН-ын нарийн бичгийн дарга асан Х.Булгантуяагийн нэр дээгүүр яригдаж байгаа аж.  Дүрмийн дагуу бол НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг намын дарга нь санал болгодог.


МАН-ын намын дарга У.Хүрэлсүх багийн нэг гишүүн төдийгүй боловсрол мэдлэгээрээ МАН-ын бүсгүйчүүдээ манлайлж яваа дэд сайд Х.Булгантуяаг дэмжих магадлал өндөр.

Х.Булгантуяагийн хувьд 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

Х.Булгантуяа 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Сангийн дэд сайдаар ажиллаж байгаа.

Тэрээр улс төрд хэн нэгний татаас эсвэл хөрөнгө чинээгээрээ бус мэдлэг боловсролоороо танигдан орж ирсэн гэдгээрээ нэр цэвэр нэгэн. 

Тэрбээр улс төрийн хатуу тоглоомд оролцож тэр тусмаа удирдах албыг хашна гэж зүүдлээгүй ч үгүй явсан  хэмээн ярьсан байдаг.

2012 онд орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөн “өвдөг шороодож” улс төрийн карьерээ эхлүүлсэн түүхтэй. Дараа жил нь МАН-ын нарийн бичгийн даргад нэр дэвшин удаа Монголын топ бизнесмэнүүд, улс төрчдийн өмнө анх удаа гарахдаа "Нэр дэвшүүлсэн Энхбаяр даргадаа баярлалаа" гэж намын даргын нэрээ андуурч хэлж байсан паянтай. Угтаа түүнийг нэр  дэвшүүлсэн хүн нь М.Энхболд байв. 

Үүний дараа намынхаа даргын нэрийг ч мэдэх­гүй хүн нарийн бичгийн даргаар сон­гог­д­лоо хэмээн шүүмжлүүлж байсан удаатай. Гэсэн хэдий ч МАН-ын сэлбэгдсэн залуу боловсон хүчний нэг тэрээр аль нэг фракцийг аялдан дагалгүй, улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг амжилттай харуулж яваа билээ.