МАН-ын хяналтын хороо өчигдөр хуралдаж, С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарын МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэр гаргасан. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. /Дэлгэрэнгүйг Энд дарж уншина уу/

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Өчигдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж намайг намаас гарсанд тооцох тухай шийдвэр гаргажээ. Энэ нам миний өвөг дээдсийн хүчээ өргөж, зарим нь амиа хүртэл өгсөн нам юм.

Миний амьдралын талаас илүү нь энэ намтай холбоотой.

Миний хувьд МАН-ын хяналтын хорооны гаргасан шийдвэрийг илт шударга бус, намын гишүүдээ ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа.

Шударга бус, ялгаварлан гадуурхсан гэдгийн ганцхан жишээг дурьдахад; надтай өрсөлдөж цөөнхийн санал авсан НИТХ-ын дарга С.Амарсайхан жил гаруйхны өмнө Намын бодлогыг сөрж заалнаас дэвшин НИТХ-ын дарга болж байлаа.

Гэтэл С.Амарсайхан жилийн дараа намын бодлогоор НЗД -д нэр дэвшин орж ирдэг, харин миний адил жирийн гишүүд бол намаас хөөгддөг байж болохгүй.

Гэвч миний бие МАН-даа гомдохгүй, буруу санахгүй, алдаа завхрал арилах цаг ирнэ гэдэгт итгэж байна. Хэдий нам бус болсон ч иргэд сонгогчиддоо амлаж гарч ирсэн Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах болно" хэмээжээ.

Мөн тэрээр өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Намайг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон ч би НИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд Хотын даргад дахин нэр дэвшинэ" гэдгээ хэлсэн юм.