Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл тус авто замд байрлах Рашаантын төлбөр авах цэгийг ирэх сарын 1-нээс эхлэн нийслэлийн Баруун турууны төлбөр авах цэг рүү түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах юм байна.

Энэхүү ажил хэрэгжсэнээр төлбөр хураах цэгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх үед түгжрэл үүсдэг, урт дараалал бий болдог асуудлыг шийдвэрлэх аж.

Тус ажлын хүрээнд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нийслэлийн төлбөр авах цэг болох Баруун турууны гурван төлбөр авах цэгийн байранд их засвар болон цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд  “Гэрэгэ” цахим машинаар авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруун турууны төлбөр авах цэг болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид бүх төлбөр авах цэгүүдэд хэрэгжүүлэх гэнэ.