Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 150 айлын барилга угсралтын ажлыг Баянхошуу дэд төвд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эхлүүллээ. 

Баянхошуу дэд төвд 2023-2025 ондуудад 336 айлын ногоон орон сууцны эко хороолол барихаар төлөвлөөд буй. Энэхүү барилгыг энэ оны 4 дүгээр улиралд төслийн эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Төслийн дараагийн ээлжийн 150 айлын ногоон орон сууц нь Баянхошуу дэд төвийн 1.1 га газарт төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын гүйцэтгэгчээр “Хөх Бүрдний Эх” ХХК болон “Таван-Орд” ХХК-иуд шалгарсан байна. 

Тус 150 айлын эко хороолол нь нийтдээ 4 блок барилга болон худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий 300 м2 орон зайг төлөвлөөд байгаа юм.

Улаанбаатар хотыг НЭГ ТӨВТ хотоос ОЛОН ТӨВТ хот болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” эрх зүйн реформыг эхлүүлж, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр эцэслэн батлуулсан. 

Ингэснээр нийслэл Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, эдийн засгийн хувьд бие даан хөгжүүлэх, үүнд Баянхошуу дэд төвийг хот болгож, иргэн бүр тухайн амьдарч буй газраас 20 минутын дотор эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр, нийгэм, соёлын цогц үйлчилгээг авах боломж бүрдэж байна. 

Баянхошуу дэд төвийг ХОТ болгон, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх нь 

✔дан ганц төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бус төвлөрлийг дагасан ажлын байр бий болох, ✔эдийн засгийн эрэлт эрчимжиж, бизнесийн шинэ боломж бий болгох,

✔иргэн бүрт хүртээмжтэй, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх олон талын ач холбогдолтой юм. 

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зүгээс тус эко хорооллын 40 хувьд нь цэвэр ногоон байгууламжийг төлөвлөж, гадна тохижилт нь явган болон дугуйтай зорчигч, тэргэнцэртэй иргэдийн аюулгүй байдлыг бодолцон саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлж өгсөн гэдгээрээ онцлог.

Түүнчлэн барилга угсралтад дулаан алдагдал хамгийн бага, байгальд ээлтэй материалыг ашиглаж, нарны цахилгаан үүсгүүрийг нэвтрүүлсэн мөн ус, цахилгааны ашиглалтын зардлыг 20 хувь хүртэл бууруулсан, шинэлэг технологийг нэвтрүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй инженерийн иж бүрэн ногоон шийдлийг агуулсан цогц эко хороолол юм.