Хэдэн жилийн өмнө Билл Гейтсийн “банкнууд хэрэггүй болно” хэмээн таамагласан нь биеллээ олж эхэлж байна. Салбарын бус тоглогчдын зүгээс ирж буй өсөн нэмэгдэж байгаа аюул заналын үр дүнд дэлхийн банкны салбарын анхаарал зохицуулах чиг үүргээс технологийн асуудалд шилжиж байна. Өнөөдөр банкны үйл ажиллагааны чиглэл бүрийг орлож чадахуйц санхүүгийн технологийн (финтех) компаниуд гараад ирчихсэн. Тэд маш хурдацтай хөгжиж байгаа. Тэдний үйл ажиллагааны үр дүнд таван жилийн дараа гэхэд дэлхийн санхүүгийн тогтолцоо танигдахын аргагүй өөрчлөгдөх магадлал маш өндөр байна. Энэхүү үйл явцыг “Uberisation” хэмээн нэрлээд байгаа юм. 



"Бид бүхний сайн мэдэж байгаачлан Uber компани нэг ч автомашингүй атлаа дэлхийн хамгийн том такси үйлчилгээ үзүүлэгч болсон. Мөн адил "Airbnb" компани дэлхий даяар түрээсийн байр, зочид буудлын хамгийн олон сонголтыг санал болгодог атлаа хувьдаа ганц ч зочид буудалгүй компани"



Эдгээр компаниуд бол “sharing economy” буюу хамтран хэрэглэх эдийн засгийн жишээ юм. Тэдний амжилт материаллаг эд хөрөнгөнд бус технологид суурилсан. Харин одоо энэхүү чиг хандлага банкны салбарт хүч түрэн орж ирлээ. Өнөөдөр нийт гүйлгээний 15% нь банк бус операторуудын тусламжтайгаар шилжих болсон. Тухайлбал, Калифорни мужид 2009 онд байгуулагдсан Square компани жижиг бизнесүүдийн 10 тэрбум гаруй долларын гүйлгээг хариуцаж, хүлээн авч, боловсруулж, хэрэглэгч иддээ тайлан, дүн шинжилгээг нь гарган өгч байна. Шведийн Klarna компани онлайн-дэлгүүрээс бараа захиалан, бараагаа хүлээн авсны дараа тооцоогоо хийх боломжийг хэрэглэгчиддээ олгодог. Өр төлбөр үүсэх эрсдэлийг өөр дээрээ хариуцдаг бөгөөд үүний ачаар онлайн-дэлгүүрүүдийн борлуулалт эрс сайжирсан байдаг. Учир нь бараа захиалахын тулд гэрийн хаяг, и-мэйлээ оруулахад л хангалттай, хялбар болсон. Швед улсад тус компани нийт онлайн гүйлгээний 20%-ийг дангаараа явуулах болсон бөгөөд үйл ажиллагаагаа тэлж бусад улс оронд үйлчилгээгээ үзүүлээд эхэлжээ. Эдгээр жишээн дээрээс технологийн компаниуд төлбөрийн зуучлагч болж банкнуудыг орлох боломжтой гэдгийг тодоос тод харж болно. 

Банкнууд старт-апуудад зах зээлээ алдаж байгаагийн жишээ олон байна. Старт-ап компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг банкны бус үйл ажиллагаан дээрээс цуглуулах боломжтой байдаг. Тухайлбал, хэрэглэгчийн зуршлыг судалдаг. Дэлхий даяар асар өргөн түгэн тархаж буй Хятадын Alibaba портал MyBank хэмээх хувь хэрэглэгч болон жижиг компаниудад зориулсан банкийг байгуулжээ. MyBank хэрэглэгчийн өмнө нь хийж байсан худалдан авалт, гүйлгээний дүнг шалгаж хэрэглэгчийн зээл төлөх чадамжийг тодорхойлох үндсэн дээр зээл олгодог байна. Alibaba порталын зуучлалаар өнгөрсөн онд 4 тэрбум долларын борлуулалт хийгдсэнийг онцлох хэрэгтэй. Social credit зах зээл мөн хөгжиж байна. Их Британийн Zopa компани 10 жилийн дотор 1 тэрбум гаруй фунт стерлингийн зээл олгоход зуучлагчаар оролцсон байна. Америкийн Kickstarter компани финтех салбарт хагас тэрбум зээлийг санхүүжүүлэх 3 сая хэрэглэгчийг татаж чаджээ. Иймэрхүү компаниуд банкны салбарын хэрэглэгчдийг урвуулахаас гадна банкны үйлчилгээ авдаггүй хүмүүсийг мөн өөрт татаж чаддаг. 

Дэлхий даяар банкаар үйлчлүүлдэггүй 2,5 тэрбум хүн байдаг гэсэн тооцоо гарсан бөгөөд тэдний ихэнх нь гар утас ашигладаг. Ийм учир гүйлгээ хийхэд ганцхан гар утас байхад хангалттай M-Pesa систем Кени улсад амжилт олж чаджээ. Технологийн компаниуд брокерийн болон фондын үйлчилгээн дээр мөн банкнуудыг бүрэн орлох боломжтой. Ухаалаг утасны Digit, Acorns апп-уудыг ашигласнаар хэрэглэгчид хамгийн ашигтай депозит дансыг сонгож, санхүүгийн зах зээл дээр буй бүх боломжид дүн шинжилгээ хийснээр хөрөнгөө автоматаар байршуулах боломжтой болсон аж. Финтех компаниудын хөгжилд юуны түрүүнд хэрэглэгчид чухал нөлөө үзүүлдэг, тэр дундаа зөвхөн гар утсаа ашиглан бүх гүйлгээг хурдан бөгөөд хялбар аргаар хийх хүсэлтэй зах зээлийн харилцаанд орж эхэлж буй шинэ үеийнхэн байна. Орчин үеийн хэрэглэгчид бүх үйлчилгээ, гүйлгээ нь онлайнаар хийгддэг үйлчилгээг сонгохыг илүүд үздэг болсон нь судалгаагаар нотлогдсон. Тэдний тал хувь нь санхүүгийн үйлчилгээ авдаг байгууллагаасаа татгалзаж “виртуал” үйлчилгээрүү шилжихэд бэлэн байна гэж хариулжээ. 

Хоёр жилийн өмнө Давос дахь уулзалт дээр Европын холбооны комиссар Ниеле Кроес хэлэхдээ “Банкуудын ерөнхийлөгч нартай ярилцахад хэдэн жилийн дараа гэхэд одоогийн банкны тогтолцоо нурж унана гэсэн таамаглал дэвшүүлж байна” гэжээ. “Bye, bye Banks” номын зохиогч нарын үзэж буйгаар Америкийн банкуудын захирал нарын 40% нь өрсөлдөгчдөө дутуу үнэлж, нөхцөл байдал нухацтай болсон гэдгийг ойлгохгүй байгаа аж. Хувийн банкны салбарын 5 гол чиглэлд 20-60% нь финтех компаниудын зүгээс ирж буй аюул заналд өртөх эрсдэлтэй хэмээн McKinsey консалтинг компани дүгнэж байна. Энэ байдлаараа банкуудын орлого 2025 он гэхэд 10-40% буурах магадлалтай. Технологийн старт-апуудын бас нэгэн давуу тал бол тэд хэдэн мянган ажилтангүй жижиг байгууллагууд юм. Иймээс үйл ажиллагааны зардал нь ч бага байдаг. Мөн хууль эрх зүйн үүднээс авч үзэхэд илүү хялбар бүтэцтэй тул дүрэм, журам, хуулийн хувьд чирэгдэл багатай. Гэхдээ бодлого баригч нар банкуудын хямрал улс орны эдийн засагт муугаар нөлөөлнө гэж үзвэл байдал орвонгоороо эргэх юм.

 Ойрын ирээдүйд технологийн салбарт хөөс үүсэж, тэр нь хагарваас олон олон жижиг байгууллагууд дампуурна хэмээн урвуу үзэлтнүүд таамаглаж байна. 

Бас нэгэн эрсдэл бол мэдээллийн аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалтын асуудал юм. Нэг финтех компани дата сангаа алдахад ганцхан тухайн компани хэрэглэгчдийн итгэлийг алдаад зогсохгүй салбар тэр чигээрээ эрсдэлд орно. Ихэнх банкууд болзошгүй аюулыг ойлгож байгаа ч хууль журамд баригдаж шинэ нөхцөл байдалдаа хурдан дасан зохицож чадахгүй байна. Өөрсдийн бизнес-профайлаа өөрчилж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээ багасгаж, шинэчлэл хийж, үйл явцаа илүү хялбар болгож чадсан банкууд л тэсэж үлдэнэ. Банкууд мөн өндөр технологи бүтээгч компаниудтай хамтран ажиллаж боломжтой ч ингэснээр өнөөгийн банкны тогтолцоог хямралд оруулах нь гарцаагүй.