Б.Баясгалан
07 сарын 21, 2018
АНУ-ын Юта муж улсаас 10 жилийн өмнө олж илрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Австралийн судлаачид судалж, өмнө нь олдож байгаагүй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл болохыг тогтоон, нэр өгсөн тухай "Синьхуа" агентлаг мэдээлэв.
“Бидний судалсан чулуужсан яс нь “Akainacephalus johnsoni” буюу “Акайнацепалус жонсони” хэмээх төрөл зүйлд хамаарах өвсөн тэжээлтэн байсныг олж тогтоолоо. Уг үлэг гүрвэл нь өргөст хуягтай, таван метрийн урттай, дөрвөн хөлтэй боловч түүний өвөрмөц сүүл нь Анкилосауридын төрөл зүйлээс үүсэлтэй байна. Ийм төрлийн үлэг гүрвэлүүд 75 сая гаруй жилийн өмнө амьдарч байсан” гэж “Жеймс Кук” их сургуулийн судлаач Желле Виерсма баасан гарагт мэдээлэв.
Уг үлэг гүрвэлд өгсөн нэр нь грекээр өргөс ба толгой гэсэн утгатай юм. Энэхүү олдворыг АНУ-ын Юта муж улсаас олж илрүүлсэн бөгөөд палеонтологич нар олон жилийн турш судалсаар иржээ. “Акайнацепалус”-ын араг ясыг энэ долоо хоногт Юта муж улсын үндэсний түүхийн музейд байршуулан олны хүртээл болгох аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.