Маргааш Улс тунхагласны баярын өдөр тохионо. Баярыг тохиолдууланТөрийн ордны иргэний танхимд 94 уртын дууч, 9 морин хуурч Төрийн хүндэтгэлийн арван дууг дуулах ажээ. Тэд "Уяхан замбуу тивийн наран”,"Түмэн эх" “Энх мэндийн баяр","Эртний сайхан" зэрэг 10 уртын дууг, дуулах юм.

Мөн энэ үеэр эдгээр төрийн ёслол хүндэтгэлийн дуу, уртын дууны утга учрыг тайлбарлан таниулах ажээ.

Төрийн том ёслол, нийтийг хамарсан баяр, наадам, төрийн тахилга, ном судар залах зэргийг айзам дуугаар эхлүүлэх учиртай. Айзам дуунд “Хуур магнай”, “Түмний эх”, “Эрхэм төр”, “Дуртмал сайхан”, “Эртний сайхан”, ”Өвгөн шувуу хоёр” зэрг дуунууд багтах бөгөөд бүгд утга учиртай. Тухайлбал "Эртний сайхан” дууг Чингис хааны төр улсын үед дуулагддаг байсан анхны төрийн дуулал гэж үздэг байна

Одоогоор судлаачдын үзэж байгаагаар 6000 мянга гаруй уртын дуу байдгаас идэвхтэй дуулагдаж байгаа нь 60 орчим бий.

УРТЫН ДУУНЫ ГҮН УХААНЫ АГУУЛГА

Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлч малчдын ажил амьдралын чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарлаж болно. Ёс заншил, сургаалийг илтгэсэн хүмүүжлийн чанартай үүргийг давхар агуулж байдаг.
Монгол ардын уртын дууны үг нь тэр чигээрээ гүн ухаан байдаг. “Жаа, идэр цовоо саруул сэргэлэн насандаа, Эс сурсан эрдэм номыг, Өтөлж харьсан хойноо, Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ. Та мину зээ” хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал юм. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг. “Үлэмжийн чанар” дуу нь хүний таван мэдрэхүй болох үзэх, сонсох, харах, хүртэх, үнэрлэхүйгээр бүсгүй хүнийг магтан дуулсан бөгөөд Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосныхоо дараа “миний энэ дууг нэг удаа дуулахад 1000 Ногоон дарь эх уншсантай дүйцнэ” гэж айлджээ.
Ар хөвчийн унага: “Ар хөвчийн унага нь, Агсан болоод жороо шүү, Амраг жаахан хүүгийнхээ, Аашинд нь болоод мордлоо доо” хэмээн өгүүлнэ. Хайртай амрагаа санан мөрөөсч түүнийхээ бэлэглэсэн мориор амраг ханьдаа яаран довтолгох залуу эрийн сэтгэлээс ундран гарч буй энэ дуу нь XIII зууны үед зохиогдож эдүгээг хүртэл дуулагдаж буй сайн хүлэг, сайхан ханиа магтсан дуу ажээ.