Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг 21 аймагт ажиллалаа. Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар тогтоол, хоёрдугаар сарын 27-ны өдрийн 82 дугаар тогтоолуудын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газар дээрх нөхцөл байдалтай танилцав. 

Шуурхай бүлэг орон нутагт ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг эздэд нь хүртээмжтэй хүргэх, дамлан худалдаалах, ах дүү танил тал харгалзан олгох зэрэгт хяналт тавих, гамшгийн үед ажилласан зардал, гарсан хохирлыг үнэн, зөв ирүүлэх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгож ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн хойд, Баянхонгор аймгийн зүүн, Өвөрхангай аймгийн өмнөд, Өмнөговь аймгийн баруун, Дорнод аймгийн төв хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнээс хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 20 см, Хяргас суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Малчин суманд 13 см, Завхан аймгийн Яруу, Баянхайрхан суманд 13 см, Завхан аймгийн Улиастай, Тэс суманд 12 см, Хөвсгөл аймгийн Хатгал, Увс аймгийн Улаангом суманд 10 см байгаа юм.

Одоогийн байдлаар төллөх эх малын 2.2 хувь буюу 683 мянган хээлтэгч мал төллөж, 661.2 мянган төл бойжиж байна. Оны эхний нийт малын 0.3 хувь буюу 213.1 мянган толгой мал хорогдоод байна.