Михайл Булгаковын "Нохойн зүрх" ...Цѳхѳрч гүйцжээ. Сэтгэл нь ѳвдѳхийн дээдээр ѳвдѳн гомдон шаналж, дэндүү их ганцаардал, айдсаас болж нүднээс нь нохойн ѳчүүхэн нулимс бѳмбѳлѳг мэт урсан гарах ч тэр дороо хатаж байв.

Зохиолч халуун усанд шалз түлэгдсэн золбин нохойн ѳрѳвдѳлт байдлыг ингэж дүрсэлжээ. Би ч сэтгэл дотроо хѳѳрхий гэм зэмгүй Шарик нохойг ѳрѳвдѳн сууна. Харин нохой маань энэ мѳчид нууц амрагийнхаа бэлэглэсэн торон оймсны тѳлѳѳ ѳчнѳѳн доромжлолыг тэсэх ёстой хѳѳрхий ядуу бичээч бүсгүйг ѳрѳвдѳж байдаг шүү дээ. Хорвоо л юм даа... Оросын суу билэгт зохиолч М.Булгаков пролетарийн  нийгэмд хавчигдан зовсон гашуун түүхээ нохойн дүрээр егѳѳдѳн гаргаа юу даа гэмээр байдаг. 

Золбин нохойн зовлон зүдгүүр гаслант улианаар ѳѳрийн туулсан амьдрал, үзэн ядалтаа уудлан гаргаж байх шиг хѳндүүр мэдрэмж тѳрдѳг юм. 

Этгээд хүнээс этгээд л юм гарна гэдгийн тун тодорхой жишээ нь энэ бэсрэг тууж юм. Нохойг хүн болгон хувиргах гэсэн үйл явц эмгэнэлт явдлаар тѳгсжээ. Нохой бол нохой чигээрээ л үлдэнэ. Ѳвгѳѳс дамжин ирсэн байгалийн зѳнгѳѳ дагаж мууранд харшилтай байх нь аргагүй. Харин хүн шинжээрээ бол босоо ороолон л гэсэн үг. Архи ууж, тамхи татна, худлаа хэлнэ, хулгай хийнэ, завхайрна, танхайрна,  матаас бичнэ, хараал урсгана, эцэстээ эмчээ алахаар буу гаргаж ирдэг шүү дээ. Хүний ѳнчин тархинд далд тѳрх нь нуугдаж байдгийг "хүн нохой"-н  дүрээр ёжлон харуулж байгаа нь энэ. Нохойн нүдээр хүний араншинг тодорхойлж, амьдралын  сайн мууг ялган таньж хүүрнэн ѳгүүлж байгаа хэсэг нь янзтай гоё! Нохой бол баярлаж гунидаг, эргэцүүлж боддог хүнээс дутуугүй сэтгэлтэй амьтан шүү гэдгийг үүнээс илүү яаж мэдрүүлэхэв дээ. Нохой үсэг нүдэлж ѳѳрт хэрэгтэй мухлаг дэлгүүрийн нэрийг уншиж сурсан арга энэ тэр бол үнэн элэг авмаар хэсэг. Золбин нохойд орох орон, идэх бэлэн хоол, эрхлүүлэх эзэн байхгүй ч түүнд дураараа амьдрах эрх чѳлѳѳ байна. Харин сод авьяаст зохиолч М.Булгаковт  сэтгэн бодох, үзэл бодлоо чѳлѳѳтэй илэрхийлэх, бичиж туурвих оюуны эрх чѳлѳѳ байсангүй.

Гаслантай нийгэм шүү! Орох оронгүй гудамжны гуйлгачид бусдын эд хѳрѳнгѳѳр туйлж,  идэж уухын дон туссан залхуучууд нийтийн ѳмчинд хѳлбѳрч байх зэвүүн цаг үеийг нохой хүртэл зѳнгѳѳрѳѳ мэдэрч жигшин зэвүүцэж байх шиг. Тухай үеийн  бодит байдлыг тун ч тодорхой дүрслэн үзүүлж, хүний нийгмийн туршилтыг нохойн туршилтаар егѳѳдсѳн, бүтэлгүйтэх ирээдүйг нь зѳгнѳсѳн мэт санагдсан шүү.

Гоц авьяаст зохиолчийг нийгэм нь гадуурхаж, үзэг нэгт нѳхѳд нь үзэн ядаж, атаархагчид хорсон зэвүүцэж байсан хүнд цаг үеийг туулсан нь "Мастер Маргарита хоёр", "Нохойн зүрх" гэсэн уран сэтгэмж, ур чадварын оргил болсон гайхалтай бүтээлүүд туурвин үлдээх нѳхцѳл шалтгаан болсон ч юм билүү хэн мэдлээ

Дарангуйлагч дэглэмийг уран бүтээлээрээ сѳрѳн зогссон сэтгэлгээний аугаа туурвилчийн туулсан амьдрал эмгэнэлтэй ч үнс нурман дотроос үлгэрийн галт шувуу амилан нисэх мэт он цагийн шалгуурыг даван гарсан гайхамшигт зохиолууд нь  урлагийн гоо зүйг бахдан биширдэг соёлт хүмүүсийн оюуныг ундаалж бүтээлтэйгээ цуг мѳнхрѳх хувь тавилантай байжээ.  Гудамжны золбин Шарик нохой П.П.Шариков нэртэй хүн болж хувирсан хѳгжилтэй гэхээсээ эмгэнэлтэй түүх сэтгэлд нэгийг бодогдуулж, түүний хэлэх гэсэн санаа технологи хѳгжихийн хэрээр хүн чанар нь мѳстѳж улам бүр зэрлэгшиж буй ѳнѳѳгийн хүйтэн цэвдэг цаг үед улам бүр үнэ цэнтэй байна. Бурханы сорилтыг нэр тѳртэй  давж гарсан бичгийн их хүний тамхи зуусан танхайдуу хѳргийг харах бүртээ ѳѳрийн эрхгүй санаа алддаг юм аа. 

Ямар сайхан гэгээн тунгалаг хүмүүс ямар их зовлон зүдгүүр туулдаг юм бэ дээ гэж бодохоор Шарик нохойн золгүй хувь тавилан сэтгэлд бууж нохойноос дор хүмүүс олширсон нийгэмд бухимдаж яваа ѳѳрийнхѳѳ ѳчүүхэн доройг мэдэрч гутрах шиг болдог билээ. Хэний ч санаанд орохгүй юмыг яг л үнэн бодит юм шиг үнэмшүүлж чадна гэдэг уран зохиолын мѳн чанар гайхамшиг юм даа. 

Ийм гайхамшигийг бүтээгчдийн нэг зохиолч М.Булгаков үнэхээр л этгээд, сод уран бүтээлч гэдэгт хэн эргэлзэх билээ. Нэг зохиолын тухай хоёр бичих учир байжээ. "Нохойн ѳчил" бичвэрийг энэ туужид зориулан бичсэн билээ. Заавал унших номын нэг энэ яахын аргагүй мѳн шүү! Эрдэнийн чулууг зүлгэх тусам ѳнгѳ ордогын адил сайн бүтээл цаг хугацаа ѳнгѳрѳх тусам үнэлэмж үнэ цэн нь нэмэгддэг учир жанцантай юм.