Судалгаа: Ном уншдаг хүмүүс урт насалдаг

АНУ-ын Йелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаачид өдөрт ердөө 30 минутыг ном уншихад зориулдаг хүмүүс бусдаасаа урт насалж байгааг тогтоожээ.


Эрдэмтдийн баг 50 болон түүнээс дээш насны 3635 хүний ном унших дадал болон нас барах эрсдэл хоорондоо хэрхэн холбогдож буйг 12 жилийн турш судалсан аж.

Судалгааны үр дүнд ном уншдаг хүмүүсийн нас барах эрсдэл огт ном уншдаггүй хүмүүстэй харьцуулахад 20 хувиар бага байжээ. Тэд оролцогчдын нас, эрүүл мэндийн байдал, боловсрол, хөрөнгө чинээ, гэр бүлийн байдал, сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэний үр дүнд энэ дүгнэлтэд хүрсэн байна.

Учир нь ном унших үед тархи илүү идэвхжиж, номон доторх үйл явдлыг төсөөлөх, мэдээллийг боловсруулах, дүрүүдийн хоорондын харилцан уялдааг ойлгох зэрэг танин мэдэхүйн олон үйл явц явагддаг нь тархийг сэргэг байлгахад тусалдаг гэнэ.


Сонирхолтой нь та ийнхүү ном уншихын эерэг нөлөөг мэдрэхийн тулд заавал олон цаг зарцуулах хэрэггүй. Долоо хоногт 3.5 цаг буюу өдөрт ердөө 30 минутыг зориулахад хангалттай гэж эрдэмтэд үзжээ.

Харин сонин, сэтгүүл зэрэг бусад хэвлэмэл материалыг уншихад ном уншсантай тэнцэхүйц хэмжээний үр нөлөө ажиглагдаагүй гэжээ.
Тиймээс өдөр бүр дуртай номынхоо хэдэн хуудсыг эргүүлэх нь тархиа тэлж, оюунаа хөгжүүлэхээс гадна эрүүл амьдрах, урт наслах асар том өгөөжтэй дадал байх нь.
                                                                                                                                                                                Эх сурвалж: PubMed Central

Холбоотой сэдвүүд

ном ном унших

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.