Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манж чин гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, тусгаар улс болж язгуурын төр улсаа дэлхий дахинаа албан ёсоор зарлан тунхаглаж VIII Богд Жавзандамба хутагтыг улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхтэй. VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ.

Богд хааны ордон музей түүхэн тэмдэглэлт энэ өдөрт зориулж, эзэн хааныхаа түүхэн гавьяаг сурталчлан таниулах, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Энэхүү уламжлалынхаа дагуу олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, яг одоо Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөрт зориулан Богд хааны ногоон ордны ёслол хүндэтгэлийн талбайд Богд хаант Монгол улсын төрийн далбааг мандуулж, музейн сан хөмрөгт тулгуурлан “Богд-Хаан”сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгууж байгаа юм.