Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх, шорлог, хөөсөн чихэр, тоглоом худалдаалах, дартс, машин тоглуулах зэргээр дураараа зогсч буй иргэдэд арга хэмжээ авч ажиллаж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн ая тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлэх үндсэн зорилготой байгууллага юм. Гэтэл зөвшөөрөлгүй худалдаа эрхлэгчид орчноо бохирдуулах, хогоо ил задгай хаях, иргэдийн тав тухыг алдуулах, ногоон байгууламжийг гэмтээх, эд хогшлыг эвдэж сүйтгэх зэргээр хохирол учруулж байна.

Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуулын тушаалаар өдөр бүр 13:00-23:00 цагийн хооронд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хариуцлагатай жижүүр гарган тогмол хяналт тавих, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч Б.Манлайбаяр ахлагчтай бүрэлдэхүүн талбайд ажиллаж иргэдтэй биечлэн уулзаж хуулийн хүрээнд хүлээх хариуцлагыг танилцуулан, хууль бусаар худалдаа, үйлчилгээ явуулахгүй байхыг шаарджээ.

Шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу зохих шийтгэл ногдуулахыг анхааруулсан байна.